Засгийн газар Дроны туршилтын бүс байгуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх, Налайх дүүргийн нутагт байгуулахаар болсон аж. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилт явуулахаар эрх зүйн орчныг нь сайжруулах гэнэ. “Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт, шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум, суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглана. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэнэ” хэмээн Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлсэн юм. Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулжээ. Мөн ИНЕГ холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалттай болон хязгаарлалтгүй цэгийг тогтоосон байна.
Манай улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг тодорхой хууль, дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм, нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгодог. Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулан, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэхээр зохицуулж иржээ. Гэвч технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэйг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж, олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдэл үүсгэжээ. Тиймээс улс орнууд шинэ технологи турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс байгуулдаг.
Ч.БОЛОР