Хот төлөвлөлт, аялал жуулчлалын хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Res-onance”, зах зээлийн судалгааны “Ipsos” компани хамтран 2025 оны дэлхийн шилдэг хотуудыг эрэмбэлжээ. Үүнийг гаргахдаа амьдрах боломж, сэтгэл татам байдал, хөгжил цэцэглэлт, үйлчилгээний тав тух, хүртээмж зэргийг гол үзүүлэлт болгосон бөгөөд 30 улсын 22 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаа хийсэн аж. Жагсаалтыг Британийн нийслэл Лондон хот тэргүүлжээ. Жуулчид тус хотын шөнийн амьдрал, соёл урлаг, энтертайнмент салбарын хөгжлийг сэтгэл татам хэмээн онцолсон байна.
Удаах байрт Парис, Нью-Йорк, Токио, Ром, Барселон, Мадрид, Дубай, Берлин, Сингапур оржээ. Судалгаанд оролцогчид Парисын шоппинг аялал, Нью-Йорк дэх Бродвейн театрууд, Токиогийн амтат хоол, зууш, Ромын түүхэн үзмэрүүд, Барселон дахь наран шарлагын газар, Мадридын парк, задгай талбайн архитектур, Дубайн энтертайнмент ертөнц, Берлиний соёл, Сингапурын хот төлөвлөлтийг онцолж, өндөр үнэлгээ өгчээ.
Н.МИШЭЭЛ