Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongоlia”-гийн хүүхэд хамгааллын “E-Kids” аппликэйшнийг хэрэглэгчийн тоо 32 159 болсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлэв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тус цэс тусалж буй аж.
Хүүхэд хамгаалагч “E-Kids”-ийн хэрэглэгч болсноор эцэг, эхдээ байршлаа илгээх, чатлах, зохисгүй контентоос хамгаалагдах, цагдаагийн байгууллагатай холбогдох боломжтой. Мөн тус аппликэйшнээр хүүхдүүд 1-12 дугаар ангийн бүх сурах бичгээ цахимаар үзэж, үндэсний сошиал контентуудтай танилцаж байна.
Хүүхдүүд энэхүү аппликэйшн, цахим хуудаснаас хуурамч мэдээлэл, түүнийг ялгах, хууль бус хортой контентын сөрөг нөлөөнөөс зайлсхийх, үзэн ядсан үг, зураг, бичлэг түгээвэл зохицуулах хэм хэмжээний тухай мэддэг болно. Үүнээс гадна цахим орчин дахь хүүхэд хамгааллын “Санго” номыг уншиж, кибер аюулгүй байдлаа хангах зөв дадал зуршилтай болж буй гэнэ. Түүнчлэн эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ сонирхдог “Снапчат”, “ТикТок”, бусад технологийн платформын талаар мэдлэгтэй болох зэргээр тэднийг ойлгоход туслах цэсийг E-Kids.mn-д олныг байршуулжээ.
Ташрамд дурдахад, иргэд “E-Mongolia”-гаас 2020 оны байдлаар төрийн 181 үйлчилгээг цахимаар авдаг байсан бол өдгөө уг үзүүлэлт 1255 болж өссөн байна.
О.УНДРАХ