Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн 33 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлсэн www.sur.esis.edu.mn цахим систем бий болгосон талаар Боловсролын яамнаас өчигдөр мэдээлэв. Ингэхдээ сурах бичгийн агуулгыг интерактив хэлбэрт хөрвүүлж, одоогоор 13 500 орчим дасгал, даалгаврын сан бүрдүүлжээ. Мөн сургалтын хөтөлбөр, суралцахуйн явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг цахим технологи ашиглан богино хугацаанд цуглуулах, багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйгээ төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх цогц системтэй гэнэ.
Түүнчлэн хичээлийн хуваарь, сурагчдын ирц, интерактив сурах бичгийн дасгал, даалгаврын гүйцэтгэл, цахим сурах бичгийн ашиглалттай холбоотой их өгөгдлийг сурагч, анги, бүлэг, сургууль, дүүрэг, аймаг, үндэсний түвшинд үүсгэн, дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлжээ. Дээрх цахим систем нь сурах бичгийг интерактив хэлбэрт хөрвүүлэх, дасгал даалгаврыг хөгжүүлэх, шинээр зохиох тусгайлсан хэрэгсэлтэй гэдгээрээ онцлогтой аж.
М.ОЧ