Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг өнгөрсөн сарын 28-наас үндэсний хэмжээнд хийж эхэлсэн билээ. Манай улс уг өвчний эсрэг вакциныг хуулийн дагуу үндэсний товлолдоо хамруулсан учраас 11 насныхныг ийнхүү дархлаажууж буй юм. Одоогоор энэ насны 16 000 гаруй хүүхдийг вакцинд хамруулаад байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Хамрагдалтын хувь нийслэл, орон нутагт ижил хэмжээнд байна. Вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш нэр бүхий хүмүүс нийгмийн сүлжээнд гаж урвал илэрсэн талаар хуурамч мэдээлэл, бичлэгүүд ч тараасан. Тэгвэл албаныхан “Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн 0.7 хувьд нь тарьсан хэсэгт нь хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, зовуурь нь 1-2 хоногт арилсан. Бусдад нь ямар нэгэн урвал илрээгүй” гэв.
Нэмж мэдээлэхэд, улсын хэмжээнд 11 насны 78 622 хүүхэд байгаа бөгөөд хуулийн дагуу тэднийг дээрх вакцинд нэг тунгаар заавал хамруулах ёстой. Тухайн хүүхдийг дархлаажуулахаас өмнө эмч үзэж, вакцин хийсний дараа 15-30 минут хянаж буй гэнэ. Тарьсны дараа дээрх шинж тэмдгээс гадна улайх, загатнах, хөхрөх, толгой эргэх, дотор муухайрах, суулган, бөөлжих зэрэг зовуурь илэрч болох ба эдгээр нь аяндаа арилна гэдгийг эмч нар зөвлөлөө. Харин шинж тэмдэг гурваас олон хоног үргэлжилбэл харьяа сум, өрхийн эмнэлэгтээ яаралтай хандах шаардлагатай.
О.ОРГИЛОХ