“Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Отгонзул даамаар хичээллэн богино хугацаанд амжилт гаргаж буй. Тэрбээр дотоодын тэмцээнд үеийнхнийхээ хүчтэй өрсөлдөгч болж, олон улс, тивийн хэмжээнд өрсөлдөх болсон. Өсвөр үеийнхний нийслэлийн АШТ болон УАШТ-д нэг бус удаа түрүүлсэн тэрбээр Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д оролцохдоо турк даамын төрөлд түрүүлж, тивийн аваргаар шалгаран алтан цом гардаж байв. Түүнчлэн насныхаа ангилалд оролцсон тамирчдаас стандарт, рапид төрөлд амжилттай тоглож, хошой мөнгөн медальтай ирсэн билээ. Монголын хүүхдийн ордноос энэ жил тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг урамшуулахад тэрбээр “Эрдэм” алтан медалиар шагнуулсан юм.
-Монголд даамын спорт эрчимтэй хөгжиж, сургууль бүр тив, дэлхийн тэмцээнд оролцдог шилдэг тамирчидтай болсон. Танд хэн даам тоглохыг зааж, тамирчин болох замналд хөтлөв?
-Би айлын бага охин, гурван эгчтэй. Миний хувьд уг нь шатар тоглож сурахыг хүсдэг байлаа. Тэгтэл бага эгч минь даам хэрхэн тоглохыг зааж өгсөн юм. Надад даамны уран нүүдэл таалагдаж, хөлөг дээр өдөр бүр тоглох сонирхолтой санагдсан. Тухайн үед цэцэрлэгт явдаг, нэгдүгээр ангид хараахан ороогүй байв. Тэр жилийн хавар эгчийгээ дагаж ирээд 57 дугаар сургуулийн ахлах ангийнханд математикийн хичээл заадаг Б.Дамдинбазар багшийн удирдлагад долоо хоног бэлтгэл хийж, Чингэлтэй дүүргийн АШТ-д оролцлоо. Хэдийгээр сурагч болоогүй байсан ч тус сургуулийг төлөөлж тоглоод насныхаа ангилалд түрүүлсэн.
-Дүүргийн тэмцээнээс хүртсэн алтан медаль УАШТ-д өрсөлдөх бодол төрүүлсэн байх.
-Тийм ээ. Тус тэмцээнд оролцсоны дараа түвшнээ ахиулах шаардлагатай болоход Б.Дамдинбазар багш ээжид “Отгонзул миний бэлтгэл хийлгэх түвшнээс илүү гарлаа. Охиноо сайн багш бараадуулж, клубт хичээллүүлээрэй” гэж зөвлөсөн. Түүний зөвлөгөөг хэрэгжүүлж, УАШТ-д өрсөлдөн эхний 10 байраас наймд шалгарснаар Азийн АШТ-д оролцох эрх авсан юм. Гэхдээ сургуульд ороогүй, зургаан настай жаахан байсан тул яваагүй. Улсын тэмцээнд “Хөлөгт тоглоом” гэсэн бичигтэй шар футболк өмссөн хүүхдүүд сайн тоглож, медаль хүртээд байв. Тэр үеэр хүүхдээ тэмцээнд оролцуулсан эцэг, эхчүүд “Бага насанд амжилт гаргах хүүхдүүдийн гарааг нь сайн тавьж өгдөг багш бол “Хөлөгт тоглоом” клубийн дасгалжуулагч П.Энхсаруул” гээд ярихыг сонссон. Ээжтэйгээ хамт тус клубийг зорьсон өдрөөс хойш хоёр жил хичээллэж байна. Намайг анхан шатанд суралцах үеэс даамны бодлого бодуулж, ахисан шатанд ороход олон нүүдлийн цаадахыг харж нүүдэг бодлогуудыг зааж эхэлсэн. Багшийхаа удирдлагад хэдэн сар хичээллэхэд ур чадвар минь өдрөөс өдөр сайжирч байлаа.
-Та хотын АШТ-д хоёр удаа түрүүлсэн. Амжилтаа алтан медалиар эхлүүлсэн болохоор амархан ялагдахыг хүсдэггүй биз.
-Клубийнхэнтэйгээ Улаанбаатар хотын АШТ-д анх удаа оролцохдоо тэргүүн байр эзэлж, багш, гэрийнхнийгээ баярлуулсан. Би амжилтынхаа гарааг алтан медалиар эхлүүлсэн болохоор аваргаа хамгаалж тоглохыг үргэлж хичээдэг. Миний хувьд Чингэлтэй дүүргийн АШТ-д гурав, Улаанбаатар хотынход хоёр удаа (2023, 2024 онд) түрүүлээд байна. Энэ жил хотын АШТ-д клубийнхээ зургаан настай охинд хожигдсон ч түрүүлэх болзлоо хангасан. Тамирчин байх гоё. Тэмцээнд дүүрэг, сургууль, клубээ төлөөлж өрсөлдөөд медаль хүртэх сайхан. Даам тоглосноор бэлтгэлийн ачаалал даах, тэвчээр хатуужлаас, мөн аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандаж, бусдын амжилтаар бахархах хүндлэлээс суралцдаг.
-Энэ жилийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцох хоёр дахь эрхээ гардсанаар Узбекистаны Ташкент хотод хөл тавьсан санагдах юм.
-Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр бэлтгэл шаргуу хийж, Ташкентэд болсон тивийн тэмцээнд аваргаар тодорсон. Тэндээс ирснийхээ дараа хичээлээ нөхөн үзэж, тавдугаар сард шалгалтаа амжилттай өгч, анги дэвшсэн. Би тоо, монгол хэл, дүрслэх урлагийн хичээлд дуртай. Даамаар хичээллээд математикдаа илүү сайжирсан. П.Энхсаруул багш клубийнхэндээ “Долоо хэмжиж, нэг огтол” гэж хэлдэг. Миний хувьд оролцсон тэмцээнүүдийнхээ стандарт, рапид төрөлд цөөнгүй медаль хүртжээ.
-Азийн АШТ-д өрсөлдөхийн өмнө хамгийн их бодогдсон зүйл юу байв?
-Бэлтгэлээ сайтар базаагаад эх орныхоо нэрийг заавал гаргана даа гэж бодсон. Азийн АШТ-д оролцохоор Монголоос 57 хүүхэд Узбекистаныг зорьсон. Тэднээс 12 нь “Хөлөгт тоглоом” клубийнх. Ташкентэд хөл тавихад уул нь цастай байсан ч цаг агаар нь дулаан байв. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр сүрдэж, эмээгээгүй ч бага зэрэг сандарсан. Эхний өрөгт нутаг нэгт тамирчинтайгаа тэнцэж, дараагийнхад эзэн орны тоглогчийг хожив. Миний насанд өрсөлдсөн тамирчдаас найм нь Монголынх. Өрөг өгсөх тусам тоглолт хүнд болж, хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Би сүүлийн гурван өрөгт бүх зүйлээ шавхаж гаргасан. Ямар ч улсын тамирчинтай тоглосон хожно гэсэн зорилготой явсан болохоор өөрийгөө их дайчилсан даа.
-Нутаг нэгт тамирчидтай тивийн тэмцээнд тоглох амаргүй санагддаг уу?
-Монгол тоглогчдоос хүчтэй өрсөлдөгч болох Өмнөговь аймгийн хоёр шилдэг тамирчинтай тоглохын өмнө багш өргийг нь хараад “Сайн сууж бодоорой. Чи тэднээс бүх зүйлээрээ давуу. Байрлалын тоглолт, бодлого бодолтоороо илүү” гэж хэлсэн. Тэмцээний сүүлийн өрөгт би хожигдвол хүрэл, хожвол алтан медаль хүртэх магадлалтай байлаа. Миний хувьд Ташкентэд болсон тивийн тэмцээнд турк даамны үндсэн төрөлд Азийн аваргаар шалгарч, стандарт, рапид төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм. Турк даам 100 буудалт даамаас өөр. Шатрын хөлөг дээр тоглодог. Азийн АШТ-д таарсан хүүхдүүдээс эзэн орны тамирчны тоглолт сонирхлыг минь их татсан. Тэрбээр өрсөлдөгчдөө хожигдож буй мэт сэтгэгдэл төрүүлэн, онгироож байгаад гэнэт сайн нүүдэл хийж хождог тактиктай санагдсан. Ялагдахгүйн тулд түүнээс ч илүү ухаан зарцуулах чухал байв. Тиймээс захын хүүнүүдийг унагахыг хичээсэн. Ямар ч байрлалаар тоглосон төвөө хамгаалж үлдэх хэрэгтэй. Төвөө хамгаалж тоглоогүй тохиолдолд хожлын тухай ярих хэцүү. Би өрсөлдөгчийнхөө өөдөөс довтолж тоглох дуртай.
-Медалийн тавцанд зогсох бүрдээ та даам тоглохыг заасан эгчдээ баярладаг биз?
-Тийм ээ. Түрүүлэх бүрдээ эгч, ээждээ баярладаг. Мөн хүчтэй өрсөлдөгчдөө ялахад минь тусалсан багш нараараа бахархана. Ташкентээс эх орондоо алтан цомтой ирэхдээ “Би улсынхаа нэрийг гаргаж чадлаа” гэж бодсон. Намайг сургуулийн удирдлага, хамт олон, ангийн багш Б.Элбэгжаргал, ангийн нөхөд минь сэтгэл өндөр угтаж авсан. Эцэг, эхийн зөвлөл баяр хүргэж, чулуун шатар бэлэглэсэн нь их таалагдсан шүү. Хоцорсон хичээлээ нөхөж үзэхэд багш бүгдийг нь эхнээс заахдаа зөв тайлбарлан, хэлж ойлгуулдаг. Манай 57 дугаар сургуулиас дөрвөн хүүхэд Азийн АШТ-д оролцоход би аварга болж, бусад нь мөнгө, хүрэл медаль хүртсэн.
-Ээж нь охиноо тэмцээнд оролцох үед хэрхэн хурцалж, зоригжуулдаг бол?
-Тэмцээний чухал өрөг дээр ээж “Миний охин чадна. Хичээгээрэй” гэж зоригжуулдаг. Багшийн зөвлөгөө, ээжийн урам хайрласан үг надад хэнд ч ялагдаж болохгүйг сануулдаг юм. Тоглох үедээ өрсөлдөгчдөө сандарч байгаагаа хэзээ ч харуулж болохгүй. Харц, сэтгэл зүйн байдал, царайны хувирлыг хараад мэдчих тул тайван, няхуур, алдаа гаргахгүй тоглох нь зөв. Багш “Битгий сандар. Өрсөлдөгчөөсөө айх хэрэггүй” гэж үргэлж захидаг. Би өрсөлдөгчөө хүндэлж, гар барьж тэмцээнээ эхлүүлдэг. Багш “Гар барихдаа өрсөлдөгчийнхөө гарыг илүү чанга атгаж байгаарай” гэдэг. Энэ нь амархан бууж өгөх өрсөлдөгч биш гэдгээ илэрхийлж буй сэтгэл зүйн дайралтын нэг хэлбэр. Багш бэлтгэл хийлгэхдээ “Манайд нэг домог болсон тамирчин бий. Тэрбээр хүү алдсан ч “Зүгээр ээ, би чамайг хожно” гэж өрсөлдөгчдөө хэлдэг. Түүнээс өрсөлдөгч нь нээрээ намайг ялчих юм болов уу гэж эмээдэг байсан” гээд ярьсан нь мартагддаггүй. Одоо надад ДАШТ-д оролцох л дутуу байна. Тиймээс ур чадвараа ахиулахын тулд ОУИМ Д.Баттулга багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Тэрбээр өмнө нь “Хөлөгт тоглоом” клубт ахисан түвшний сургалтын хүүхдүүдэд даамны хичээл заадаг байсан юм.
-Гадаадын орнууд даамны төрөл тус бүрд шигшээ баг бүрдүүлээд тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг гэсэн. Та үүнийг тамирчидтай нь тоглохдоо анзаарсан байх.
-Азийн АШТ-д оролцохдоо бусад орны дасгалжуулагчид үндсэн, блиц, рапид төрөлд тус бүр шигшээ баг бүрдүүлж сойсныг анзаарсан. Тэд монгол хүүхдүүдийг даамны бүх төрлөөр тоглож, амжилт гаргахыг нь хараад авьяас, ур чадвар, оюуны өндөр чадавхаар нь их бахархаж байлаа.
-Даамаар хичээллээд спортын цол хүртэв үү?
-Даамаар хичээллэдэг бага насны тамирчдад зэрэг, харин насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт гаргавал цол олгодог юм. Миний хувьд спортын I зэрэгтэй. Булган аймгийн Дашинчилэн сумд өнгөрсөн наймдугаар сард болсон сонирхогчдын УАШТ-д оролцож, спортын дэд мастер цолны гурван баллаас нэгийг нь биелүүлсэн. Сургуулийн сурагч болоогүй байхдаа сонирхогчдын лигт өрсөлдөхдөө эхний өрөгт өөрөөсөө ах, 40 гаруй насны тамирчинтай тоглоод хожигдсон юм. Би нас бага болохоор гадаадын тэмцээнд оролцохдоо ээжтэйгээ хамт явдаг. Тиймээс хоёр хүний зардлын мөнгө олох амаргүй. Дэлхийн аваргын сорилго тэмцээн өнгөрсөн наймдугаар сарын эхээр болоход эрх авсан ч санхүүгийн боломжгүйн улмаас оролцож чадаагүй. Миний хувьд сургуулиас зохион байгуулсан тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцохыг хичээдэг. Сурагчдын зөвлөлөөс V ангийнхны дунд зохион байгуулсан АХА тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн сард болсон урлагийн үзлэгт гоцлол бүжгээр II байр эзэлсэн. Мөн энэ долоо хоногт болох “Уран жиргээ” уралдаанд өрсөлдөхөөр бэлдэж байна.
-“Хөлөгт тоглоом” клубийнхээ ах, эгч нараас хэр суралцаж байна вэ?
-Клубийнхээ тамирчдаас “Оюут” сургуулийн сурагч Г.Дэлгэрмаа эгчийн ур чадвар, гаргасан амжилтаар их бахархдаг. Тэрбээр даам тоглох төрөлхийн авьяастай. Бэлтгэл хийхдээ тааруухан тоглолоо гэж багшид хааяа зэмлүүлдэг ч Польш улсад өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр болсон 100 буудалт даамны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 9-10 насны охидын ангилалд стандарт, рапид, блиц төрөлд түрүүллээ. Азийн АШТ-ээс ч хошой алт, хүрэл медаль зүүж, дэлхийн даамны холбооны дэд мастерын болзол хангасан тэрбээр дүү нартаа өөрийн мэдэх, чадах зүйлээ харамгүй заадаг. Тамирчин хүн гадаадын тэмцээнд оролцож, өөрийн ур чадвар, амжилт ямар түвшинд байгааг мэдэрдэг. Миний хувьд сураагүй зүйлээ тэмцээний үед өрсөлдөгчдөөсөө олж хардаг. Би ямар ч тэмцээнд нүүдэл бус, колоор давамгайлж тоглохыг хичээдэг. Энэ ташрамд, үе тэнгийнхээ даам сонирхож тоглодог хүүхдүүдэд “Та нар зорьсон зүйлдээ тууштай байвал хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ. Хичээл зүтгэл хүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь хөтөлдөг юм шүү. Хичээгээрэй” гэж хэлье. Мөн намайг дотоод, гадаадын тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан “Номин холдинг” ХХК-ийн ерөнхий захирал А.Шагдарсүрэнд талархсанаа илэрхийлье.