Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 13 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтных аж. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Н.Одончимэг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас аравдугаар сарын 16-ны үдэш 55 сая төгрөгийн хахууль авч байсан юм. Уг тендерт “Ванхүү” гэх компани шалгарсан бөгөөд тэдэнд эрх мэдлээ ашиглан давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаж байгаа. Мөн эрх мэдлээ урвуулан “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Н.Одончимэгийн гэр, ажлынх нь байранд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, 400 гаруй сая төгрөг, их хэмжээний алтан болон үнэт эдлэл битүүмжилсэн билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон өнгөрсөн долоо хоногт хавтаст хэрэгтэй нь танилцуулж дуусаад ийнхүү прокурорын хяналтад хүргүүлжээ.
Г.РАВЖАА