БНСУ-ын Тэжон хотод өнгөрсөн сарын дундуур болсон “Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” сэдэвт 12 дахь удаагийн олон улсын хурлын үр дүнд үндэслэн тус бүс нутгийн цаг агаар, уур амьсгалын ерөнхий төлөвийг гаргажээ. 2024-2025 оны өвөл Монгол орны хойд, Хятадын баруун болон зүүн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, өмнөд хөршийн төв хэсэг, Солонгосын нийт нутгаар дулаан, Японд дунджийн орчим байх төлөвтэй гэнэ. Хур тунадасны хувьд Монголын төв болон зүүн, Хятадын ихэнх, Их наран улсын хойд бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох нь. Харин БНСУ-ын ихэнх нутаг, Японы өмнөд хагаст харьцангуй бага хур тунадас орно гэж тооцжээ. Өвлийн дунд сард Ла-Нина үзэгдэл эрчимжих бөгөөд энэ нь хаврын дунд сар хүртэл аажмаар сулрах аж. Номхон далайн төв, зүүн хэсэгт үргэлжлэх Ла-Нинагийн нөлөөгөөр Арктикийн агаар мандлын орчил урсгал өөрчлөгдөж, гэнэт дулаарах, халах үзэгдэл эрчимжин, Зүүн Азиас Монгол орны хойд нутаг, Сибирийн бүсэд туйлын хүйтэн агаарын урсгал орж ирэх нь.
“Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” хуралд Монгол, Хятад, Солонгос, Япон орны цаг уурын байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн зуны уур амьсгал, гамшигт үзэгдлийн давтамж, хор уршиг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, уур амьсгалын үйлчилгээний системийн талаар илтгэл хэлэлцүүлжээ. Манай улсаас Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн ерөнхий технологич инженер Б.Жаргалан, эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал нар “2024 оны зуны улирлын уур амьсгал, түүний орчил урсгалын онцлог”, “Монгол орны 2024-2025 оны өвлийн улирлын урьдчилсан төлөв”, “Уур амьсгалын үйлчилгээний систем”-ийн талаарх судалгаагаа танилцуулжээ.