Хүний эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1948 оны энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаар ийн тэмдэглэдэг болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүний үндсэн, жам ёсны эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан бөгөөд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэдгийг анхлан хуульчилсан юм. Тунхаглал нь нийт 30 зүйлээс бүрдэх бөгөөд зарим заалт нь санал, зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэсэн, ийм тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь болсон чухал баримт билээ.
Дэлхий нийт өнөө жил хүний эрхийн өдөрт “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриан дор нэгдэв. Үүний хүрээнд манай улс энэ сарын 7-9-нд эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэг, боловсролыг олон нийтэд түгээх залуусыг хүний эрх хамгаалагчаар сургасан. Тус сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутныг хамруулж, тэд өчигдөр нөлөөллийн цөөнгүй арга хэмжээ өрнүүлсэн. Харин иргэд тунхаглалд заасан хүний наад захын язгуур эрх ашгийг манай улс төдийлөн хангахгүй, доогуур түвшинд байлгаж буйг шүүмжилж байлаа.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос жил бүр явуулдаг хүндэтгэлийн лекцээ өчигдөр толилуулж, цөөнгүй илтгэл хэлэлцүүлсэн. Комиссын гишүүнээр ажиллах албан хаагчдын тангараг өргөх ёслолыг ч хуулийн дагуу зохион байгууллаа. ХЭҮК-ын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болдог. Дэлхийн хүмүүс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг болоод 76 дахь жилтэйгээ золголоо. Хүний эрхийг хамгаалснаар дараа нь гарах хор уршгаас сэргийлэх, ирээдүйгээ хамгаалах, шударга ертөнцийг бүтээх эерэг нөлөөтэй. Түгээмэл тунхаглалд “Хүн бүр арьсны өнгө, яс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлаараа ялгаварлан гадуурхагдах ёсгүй, бүгд тэгш эрхтэй” байхыг баталгаажуулсан” гэж ярив.
Ташрамд дурдахад, “Монголын эмнести интернэшнл” байгууллагаас тус өдрийг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт монгол уран бичлэгийн үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд дэлгэлээ. Тус байгууллагаас өмнөх жилүүдэд ч шог зураач, уран барималчидтай хамтран, хүний эрх, эрх чөлөө цөөнгүй салбарт зөрчигдөж буй талаар бүтээлүүдээр нь дамжуулан дуу хоолойгоо хүргэж байсан аж.
О.ОРГИЛОХ