Цахим банк хэрэглэгчийн тоо энэ оны эхний хагас жилд 2.5 саяд хүрснийг Монгол Улсын төв банкнаас мэдээллээ. Тэд эл хугацаанд онлайнаар 240 их наяд 677.5 тэрбум төгрөгийн төлбөр, тооцоо хийсэн байна. Дижитал эдийн засаг сүүлийн дөрвөн жилд эрчимтэй тэлж, хэрэглэгчийн тоо 2020 оны мөн үеийнхээс 700 мянгаар нэмэгдээд буй нь энэ аж.
Манай улс хөдөлгөөнт банк болон цахим мөнгөний талаар баримтлах бодлогоо 2012 онд баталж байв. Хөдөлгөөнт банкны үйлчилгээ нь иргэдэд гар утас, компьютер, бусад цахим төхөөрөмжийг ашиглан төлбөр, тооцоо хийх боломж олгож буй хэлбэр юм. 2020 онд хөдөлгөөнт банкны идэвхтэй хэрэглэгчийн тоо 1 823 585, цахимаар хийсэн нийт гүйлгээ нь 66 их наяд 917 тэрбум төгрөг байжээ.
Ташрамд дурдахад, дэлхийн хэмжээнд 800 сая гаруй хэрэглэгчтэй “Apple pay” олон улсын төлбөрийн системийг Монголд нэвтрүүлснийг ч төв банкнаас зарлав. Олон улсын стандарт, шаардлагыг хангасан энэхүү төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг тэд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-ныхантай хамтран хэрэгжүүлжээ. Ингэснээр монголчууд төгрөгийн картаа ашиглан дэлхийн хаана ч төлбөр, тооцоо хийх нөхцөл бүрдэж буй аж. Түүнчлэн дотооддоо 150 гаруй мянган ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой.
О.УНДРАХ