Францын улс төр оволзож байна. Суудалдаа гурван сар ч болоогүй Ерөнхий сайд Мишель Барньед Үндэсний хурлын депутатууд нь итгэл үзүүлээгүй тул огцорлоо. Энэ хямрал юунаас үүсэв, Франц улс түүнээс яаж гарахаар төлөвлөж байна вэ?
Ерөнхий сайд Мишель Барнье Нийгмийн даатгалын төслийн тухай хуулиа өнгөрсөн даваа гарагт парламентаар батлуулж чадаагүй тул Үндсэн хуулийн нэг заалтыг ашиглахыг оролджээ. Түүгээр бол Үндэсний хурлаа үл хайхран Засгийн газар нь хуулиа баталчих боломж бий аж. Энэ тохиолдолд депутатууд Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлаар санар хурааж бас болдог. Тэд энэ боломжоо ашиглаж итгэл үл үзүүлэхээр шийдвэрлэхэд 298 санал хангалттай байтал 331 депутат Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байхаар санал өгчихжээ. Тэгтэл зүүнтэн болон хэт баруунтнууд бас Барньегийн эсрэг тэмцэлд нэгдэж орхив. Пүрэв гарагт Барнье Елисейн ордонд очиж, дараагийн Ерөнхий сайдын асуудлаар Ерөнхийлөгч Макрон болон Үндэсний хурлын хоёр танхимын дарга нартай хэлэлцээ хийв.
Францын улс төрийн хямрал өчигдөр эхэлсэн юм биш. Зургаадугаар сард Европарламентад төлөөлөгчөө илгээх сонгуульд хэт барууны “Үндэсний нэгдэл” нам Ерөнхийлөгчийг дэмждэг “Сэргэн мандал” намын өмнө гишгэж итгэлтэй ялалт байгуулсан юм. Тэгээд Эммануэль Макрон Үндэсний хурлаа тарааж, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг зарлахаар яаравчлахад ВВС-гийн Парис дахь сурвалжлагч Хье Скофильдийн бичсэнээр Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпын тоглолт сонгогчдыг улс төрөөс хөндийрүүлэх аятай боломж хэмээн тооцоолж, даруй өшөөгөө авна гэж найдсан байна. Гэвч энэ найдлага бүтсэнгүй. Сонгуулийн эхний шатанд “Үндэсний нэгдэл” дахин давамгайлж, түүнийг үндэслэн байгуулсан хатагтай Марин Ле Пен ялалтаа тэмдэглэв. Макроны нам зүүнтний “Ардын шинэ фронт”-ын дараа гуравт оржээ. Хоёрдугаар шатны өмнө хэт баруунтныг зогсоохын тулд “Ардын шинэ фронт”-той нэгдмэл тактик баримтлахаар Макрон тохиролцов. Зарим тойрогт нэр дэвшигчдээ ч солив. Энэ тактик үр дүнгээ өглөө.
Эцэст нь, нэг ч нам депутатын тоогоор дийлэнх олонх болж чадсангүй, зүүний эвсэл 190, Макроны эвсэл 160, “Үндэсний нэгдэл” 140 суудал авчээ. Макрон түр хугацааны холбоотноо орхиж ахмад улс төрч Мишель Барньег Ерөнхий сайдаар томилохдоо депутатуудын дургүйг хүргэх нь бага байх болов уу хэмээн найдсан байна. Ингээд тус улсад цөөнхийн Засгийн газар төвхнөлөө. Макроны энэ шийдвэр Үндэсний хуралд гайхал төрүүлэм эвсэл бий болгоход хүргэж, хэт барууны “Үндэсний нэгдэл” эвлэршгүй дайсан хэт зүүний “Ялагдашгүй франц”-тай нэгдэв. Макроны төлөвлөгөө нурж, Барньегийн Засгийн газар гурван сар ч болсонгүй, 2025 оны төсвөө батлуулж чадалгүй Франц улсаа улс төрийн төдийгүй эдийн засгийн хямралын ирмэг дээр аваачлаа. Макрон хэт баруун, зүүнтнийг өөрийнхөө эсрэг нэгтгэж, зөвхөн “Сэргэн мандал” болон “Бүгд найрамдах”-чуудын хагастай үлдсэнээр дараагийн Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх хүнээ дэмжүүлэхэд тун төвөгтэй байдалд орлоо. Манай намаас л биш бол Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн хэн ч байсан унагана гэж “Ялагдашгүй Франц” намын Үндэсний хурал дахь фракцын тэргүүн, хатагтай Матильда Пано нэгэнт мэдэгдчихээд байна. Тиймээс Елисейн ордны дэмжлэг хүлээхийн зэрэгцээ “Үндэсний нэгдэл”-ийн санаанд нийцэх нэр дэвшигчийг олох нь Ерөнхийлөгчийн гол зорилт болоод байна. Ийм хүний тоонд юуны урьд Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорню орж байгаа аж. Энэ хүн Макроны эртний хамтран зүтгэгч, 2017 оноос хойш халагдаагүй байгаа цорын ганц сайд юм. Тэрбээр хэт барууны “Үндэсний нэгдэл”-ийн дотрыг хамгийн бага арзгануулах, депутатууд ч шууд татгалзахгүй байх магадлалтай хүн гэгдэж байна.
Хоёр дахь хүн нь Барньегийн чацуутан, Макроныг дэмжигч, төв үзэлт “Ардчилсан хөдөлгөөн” намын удирдагч Франсуа Байру. Европарламентын ажилтнуудыг хуурамчаар ажил, хөдөлмөр эрхлүүлсэн гэх хэрэгт орооцолдсон нь түүний гол дутагдал. Энэ хэл амны гол “бай” Байру шийтгэл хүлээгээгүй ч мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа юм.
Хууль бус цагаачлалыг тууштай эсэргүүцдэг Дотоод хэргийн сайд Брюно Ретайогийн нэр гуравт бичигдэж байна. Түүнийг “Үндэсний нэгдэл” дэмжих магадлалтай ч Макроны намын аядуу депутатууд хэтэрхий радикал, бараг л хэт баруунтан гэж үздэг юм. Тиймээс бусадтай нь харьцуулбал Засгийн газрыг тэргүүлэх боломж түүнд бага.
Эцэст нь, Ерөнхий сайд болохыг өөрсдөө гуйж, хүсэж буй улс төрч цөөнгүй. Тухайлбал хатагтай Сеголен Руаяль, хүсэлтээ Елисейн ордон руу илгээжээ. Руаль 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд унаж, араас нь нам нь сүйрснийг түүний нөхөр байсан, Ерөнхийлөгч асан Франсуа Олландтай холбож үздэг юм. Засгийн газарт албан ёсоор түүний хашсан сүүлчийн алба нь Арктик, Антарктикийн асуудал эрхэлсэн элчин. Түймэрт өртсөний нь дараа сэргээн босгосон Нотр-Дамын сүмийг нээх ёслолыг энэ сарын 7-нд хийхээр төлөвлөсөн, уригдсан зочдын дотор удахгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп байгаа нь Ерөнхий сайдаа томилоход Макрон яаравчлах шалтгаан болж байгаа юм. “Трампыг ирэхэд Засгийн газаргүй байхыг тэр хүсэхгүй байна. Энэ нь Францын хувьд нэр хүндийн асуудал” гэж Төрийн тэргүүнд ойр теле суваг мэдээлжээ.
Хамгийн гол асуудал нь 2025 оны төсөв, түүнийг даруй батлах ёстой. Хямрал сунжирвал Франц улс нэг жилийн өмнөх АНУ шиг байдалд орж, 2024 оны төсвөөрөө амь зуухад хүрнэ. 1958 онд Шарль де Голлийн санаачилгаар баталсан Үндсэн хууль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөтгөжээ. Түүгээр Үндэсний хурлын шийдвэрийг, тухайлбал, тэтгэвэрт өөрчлөлт оруулахыг Макрон хэрэгсэхгүй өнгөрөөж болно.
“Шинэ Засгийн газарт хугацаа хэрэгтэй, тэр нь олдохгүй. Түүнд бас олонх хэрэгтэй, тэр ч бас бий болохгүй. Тийм болохоор хэд хэдэн удаа итгэл үл үзүүлж, хэд хэдэн ч удаа Засгийн газар унана гэсэн бодолтой байна” гэж мөнөөх Хью Скофилд “L’Opinion” сонинд бичсэнийг эш татсан байна.
Засгийн газрын шинэ тэргүүнийг томилтол ажлаа хийж байхыг Барньегээс Ерөнхийлөгч хүсчихээд байгаа. Франц улс энэ онд гурав дахь Засгийн газраа огцруулаад байна. Элизабет Борн нэгдүгээр сард, долоодугаар сард Габриэль Атталь огцорсон. Сүүлийн 60 жил Францын Загсийн газар анх удаа итгэл үл хүлээж буй нь энэ. 1962 онд Жорж Помпидугийн Засгийн газар энэ шалтгаар огцорч байв. Энэ удаад Марин Ле Пений тэргүүлж буй хэт барууны фракцад Барнье хэд хэдэн удаа буулт хийсэн ч үүнд баруунтнуудын сэтгэл ханасангүй. Ташрамд өгүүлэхэд, парламентын олонхын дэмжлэггүй байсан Элизабет Борн хоёр жилийн хугацаанд парламентын доод танхимд санал хураалгахаас зайлсхийх боломж олгодог Үндсэн хуулийн 49-ийн гурав дахь заалтыг ашиглаж тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийн тухай хуулийг парламентаар батлуулчих гэж 23 удаа оролдсон байдаг. Ийм завшаан Барньед олдсонгүй.
Одоо Францад Түр Засгийн газар ажиллаж байна. Түүний бүрэн эрхийг хязгаарлаагүй. Үндсэн хуульд зааснаар парламентын ээлжит бус сонгуулийг дахиад нэг жилийн дараа буюу ирэх оны долоодугаар сард товлох боломжтой. Эхний ээлжит бус сонгууль хийж 73 настай Мишель Барньег Ерөнхий сайдаар томилж батлуулчихаад Засгийн газрыг нь төвхнүүлэхэд гурван сарыг зарцуулав. Шинэ танхим бүрэлдэн бий болоод төсвийн хуулийг шуурхайлан бэлэн болголоо ч арванхоёрдугаар сарын 31-нээс наана парламентын хоёр танхим хэлэлцэж амжих нь юу л бол хэмээн “Le Mond” сонин анхааруулсан байна. Хуулийн дагуу бол төсвөө батлаагүйгээс АНУ шиг Засгийн газрын үйл ажиллагаа зогсох аюул Францад байхгүй аж. Харин Барньегийн Засгийн газрыг бүрдүүлсэн туршлагаас харвал шинэ Засгийн газрын баг төвхнөх хугацаа хэдэн долоо хоног сунжрах магадлалтай юм. Тэгээд ч парламент нь байр суурь зөрөөтэй гурван хэсэгт хуваагдчихаад байгаа. Бас сөрөг хүчин нь Ерөнхийлөгч Макроныг огцруулах уриалгаа идэвхжүүлээд буй. Урьд нь явуулсан санал асуулгаар францчуудын 63 хувь нь Ерөнхийлөгчөө огцруулахыг дэмжсэн байдаг. Саудын Арабт айлчилж явахдаа Эммануэль Макрон 2027 онд бүрэн эрхээ дуустал сайн дураараа огцрохгүй хэмээн саяхан мэдэгдсэн байна лээ.
Бий болсон нөхцөл байдалд Макрон баруун, зүүний сөрөг хүчний аль алиных нь дэмжлэг хүлээх хүнийг, эсвэл аль ч намыг төлөөлөх технократыг Ерөнхий сайдаар томилж болох юм. “Хамгийн эцсийн тохиолдолд Барньег унагасан, тогтолцооны эсрэг сөрөг хүчнээс, тухайлбал Марин Ле Пенийн намаас юм уу, “Ялагдашгүй Франц”-аас хэн нэгнийг нь Засгийн газрын тэргүүнээр сонгохыг оролдож болох юм гэж зарим шинжээч үзэж байна. Зун Барньетэй хамт нэрийг нь ярьж байсан социалист Бернар Казневийг хэвлэлүүд эргэн сануулж байна. 2020-2022 онд Ерөнхий сайд байсан Жан Кастексийн нэр ч сонсогдож байх юм...