Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж эхэлсэн. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх юм. Харин хугацаанд нь төлсөн бол үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Дээрх хуулийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж, талбайд хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т зааснаар зөрчилд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол үндсэн шийтгэл дээр нэмж жолоодох эрхийг хасахаар хуульчилжээ. Тиймээс торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй, дүрэм журмыг байнга, эсвэл ноцтой зөрчсөн бол жолоодох эрхийг хасах гэнэ.
Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн тохиолдолд цагдаагийн алба хаагч шалгахад хуулийн хугацаанд торгуулиа төлөөгүй хэд хэдэн зөрчил илэрсэн бол эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулах нь. Түүнчлэн жолооч 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн торгуулиа тухайн хугацаанд төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх, эсвэл нийтэд тустай ажил хийлгэхээр шүүхэд саналд хүргүүлэх ажээ. Мөн торгуулийн шийтгэл 450 мянган төгрөгөөс бага бол албадан төлүүлэх арга хэмжээ авна. Харин 450 мянган төгрөгөөс дээш торгуультай тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноох аж. Нийтэд тустай ажлыг нэг өдөрт найман цагаас доошгүй хугацаанд хийлгэх бөгөөд 15 мянган төгрөгөөр тооцох юм байна.