Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой үзлэг, оношилгооны иж бүрэн төвийг III шатлалын эмнэлгүүдэд 2020 оноос байгуулж эхэлсэн билээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс авхуулаад нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн цөөнгүй нь ийм төвтэй болоод буй. Тэгвэл 2022 оны тавдугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих 28 төв шинээр байгуулсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв.
Өдөрт 120-130 хүнд үйлчлэх хүчин чадалтай тус төв нь эмнэлгүүдийн өдөр тутмын үзлэг, оношилгооны хэв загвараас өөрөөр тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ онцлогтой. Тодруулбал, Эрүүл мэндийг дэмжих төвүүдэд амбулаторийн тусгай үйлчилгээ бүхий 20 орчим төрлийн багажийн оношилгоо, шинжилгээ, 10 гаруй нарийн мэргэжлийн үзлэгийг цогц хийж, аливаа өвчин, эмгэгийг эрт илрүүлэн, эмчлүүлэх, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, зааврыг иргэдэд өгдөг байна.
Эрүүл мэндийг дэмжих төвийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийдэг гэх уламжлалт ойлголтыг халах, чанар, стандартыг хангуулах, нотолгоонд суурилсан үйлчилгээг хүн амд үзүүлэхээр зохион байгуулжээ. Иргэд төвөөс гаргасан урьдчилан сэргийлэх 4-5 төрлийн багц үзлэгээс сонгон, даатгалаараа үйлчлүүлэх боломжтой.
Ташрамд сонирхуулахад, улсын хэмжээнд хийж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт өчигдрийн байдлаар 1.5 сая хүнийг хамруулаад байна. Үүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 735 байгууллага хамтран ажиллаж, 40 мянга орчим эмч, ажилтныг сургасан аж. Эрт илрүүлэгт энэ онд 42.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсныг ЭМЯ-наас мэдээлэв.
О.ОРГИЛОХ