Хүмүүс өдөрт дунджаар 20-30 минутыг угаалгын өрөөнд өнгөрүүлдэг гэх олон улсын судалгааны дүн байдаг. Тиймээс ариун цэврийн өрөө тав тухтай, цэвэрхэн, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Гэтэл манай нийслэлд бие засах соёл гэдэг зүйл огт алга. Ялангуяа нийтийн үйлчилгээний байгууллагуудад бие засах соёл үгүйлэгдэж байгааг бид өдөр тутамдаа хардаг. Эл асуудлыг цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбон тайлбарлахаас гадна олон нийтийн ухамсартай хамааруулсан ч болохоор.
Улаанбаатарт нийтийн бие засах газар бараг байдаггүй. Харин ийм газрын үүргийг CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд гүйцэтгэж буй билээ. Харамсалтай нь, иргэд тэдгээр байгууллагын бие засах газраар үйлчлүүлэхдээ тун соёлгүй ханддаг гэнэ. Сүлжээ дэлгүүрүүдийн ажилчдын хэлснээр угаалгын өрөөгөөр үйлчлүүлэхдээ хаалганых нь бариулыг эвдэх, орчныг нь бохирдуулах тохиолдол их байдаг гэнэ. Мөн томоохон кинотеатр, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагад ч ийм асуудал байнга гардаг байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун бие засах соёлд нийтээрээ суралцаагүйг шүүмжилсэн нь саяхан. Уг нь тэрбээр нийтээрээ бие засах соёлд суралцах хэрэгтэй гэх чухал санаа хэлсэн ч “Орон нутгаас нийслэлд оюутан болохоор ирсэн суралцагчид боловсон жорлонд бие засаж чаддаггүй” гэж онцолсноороо иргэдийн дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн бай болсон. Мэдээж түүний цаадах гол асуудал буюу жорлонгийн соёлын талаарх санааг нь олон нийт анхаараа ч үгүй үлдсэн.
Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Төрийн ордны эрэгтэй, эмэгтэйчүүдийн угаалгын өрөө нэг дор байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд илүү тухгүй санагддаг байх. Бас тэдэнд зориулсан суултуурын тоо цөөн байдаг нь жендерийн хувьд маш зохимжгүй. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжгүй, хэт давчуу санагддаг. Уг нь жендерийн энэ мэт асуудлыг хэрэгцээ нь гарсан үед нь биш, урьдчилан төлөвлөсөн байх ёстой” гэж хэвлэлд ярьсан нь бас л олон нийтийн дургүйцлийг өрдөж, “УИХ-ын гишүүдэд жорлон ярихаас өөр хийх зүйл алга” гэж шүүмжлэхэд хүргэсэн юм. Үнэн хэрэгтээ манай улсын Төрийн ордны ариун цэврийн байгууламж нь хүртэл олон улсын жишгийг баримтлаагүй, хүртээмжгүй гэдэг нь түүний ярианаас тодорхой ойлгогдоно.
Олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын угаалгын өрөөг ашиглахдаа соёлгүй хандсан хүний үйлдэл дараа дараагийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлдөг. Суултуурын усыг татдаггүй, хэрэглэсэн цаасаа хогийн саванд хийдэггүй, гараа угаачхаад сэгсэрч ус үсэргэх зэрэг нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог.
Угаалгын өрөөгөөр үйлчлүүлэх соёлоороо олон улсад Япон жишиг болдог. Тэд хүүхдүүдийг бага сургуулиас нь эхлэн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлүүлдэг аж. Түүнчлэн угаалгын өрөөнүүдэд цэвэрлэгээ, үйлчилгээ тогтмол хийлгэдэг. Энэ нь хүүхдүүдийн төлөвшилд тустай бөгөөд хаана ч очсон ариун цэврийн өрөөнд цэвэрхэн, соёлтой байх дадал суулгадаг гэнэ. Тус улсын онцлог нь техник, технологийн дэвшлийг буюу “ухаалаг” суултуурыг эх орныхоо өнцөг булан бүрд нэвтрүүлсэн гэдгээрээ олон нийтэд гайхагддаг билээ. Үүнээс гадна иргэдийнхээ ухамсарт хүрч ажиллаж чаджээ. Манай улс ч эл жишгээс нь суралцах нэн шаардлагатай байна.
А.ҮҮЛ