Тайландын Бангкок хотод зохион байгуулсан сурагчдын шатрын 18 дахь удаагийн Азийн АШТ-д Монголын 48 тамирчин таван насны ангилалд оюунаа сорьж байна. Хөвгүүдээс долоон насныхны ангилалд Дорноговь аймаг, “Хутагтын мэлмий” клубийн тамирчин У.Ухаанбилэг түрүүллээ. Дасгалжуулагч Г.Мөнхтүвшингийн удирдлагад хичээллэдэг тэрбээр өнгөрсөн жил өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлсэн юм. Охидоос “Гэгээн арвай” клубийн Б.Цэлмэг мөнгөн медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж, 11 насныхнаас “Босоо ноён” клубийн тамирчин Ц.Ананд тивийн аваргаар шалгарав. Тэрбээр Италийн Монтэсильвано хотод өнгөрсөн сард болсон өсвөр үеийнхний ДАШТ-ий бодлого бодолтын төрөлд түрүүлж, дэлхийн аваргаар тодорсон билээ. Дээрх тэмцээн рапид (түргэн), блиц (түргэвчилсэн) төрөлд үргэлжилж байна.
Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ахмад шатарчдын түргэн болон түргэвчилсэн тоглолтын УАШТ-д 90 шилдэг тоглогч оролцлоо. 50-иас дээш насныхны эрэгтэйчүүдээс их мастер, улсын найман удаагийн аварга, Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс Олон улсын шатрын холбооны дэд мастер Д.Соёлмаа тэргүүн байр эзэлжээ. Тэгвэл 65-аас дээш насныхнаас спортын мастер Ч.Ганболд, Д.Сэржмядаг нар түрүүлсэн байна. Түргэн тоглолтын төрөлд 50-иас дээш насныхны эрэгтэйчүүдээс их мастер, улсын найман удаагийн аварга, Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс спортын мастер М.Хишигбаяр улсын аварга болжээ. 65-аас дээш насныхнаас Олон улсын шатрын холбооны мастер, улсын зургаан удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва түрүүлэв.