Дэлхийн шилдэг хөл бөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын 2024 оны эзнээр Испанийн шигшээ болон Английн “Манчестер сити” багийн хагас хамгаалагч Родриго Эрнандес Касканте тодорлоо. Гэхдээ уг шагналыг Бразилын шигшээ болон “Реал” багийн тоглогч Винисиус хүртэнэ гэдэгт даваа гараг хүртэл маш олон хүн итгэж байсан юм. Гэвч эцсийн дүндээ Родри шилдгээр тодорлоо. Шагналын эзний нэрийг мэдсэнийхээ дараа Парис руу ирж байсан “Реал”-ын тоглогчид замын дундаас буцсан аж. Гэхдээ Винисиусийн үнэнч фэнүүдийг эс тооцвол уг шагналыг Родри хүртсэнд дургүйцэх, гайхах хүн бараг үгүй биз ээ. Испани тоглогч энэ жил Английн Премьер лиг, Европын АШТ-д түрүүлсэн хос амжилтын эзэн болсон.
Амжилтын хураангуй
•“Сити”-г түрүүлэхэд тусалсан. Родри Премьер лигийн 34 тоглолтод оролцож, дөрвөн тоглолт өнжсөн. Сонирхуулахад, өрсөлдөгчийнхөө хоолойг боосон учраас улаан хуудас хүртсэнээр нэг тоглолт өнжиж байлаа. Өнгөрсөн улиралд лигтээ найман гоол оруулж, есөн оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд “Челси”, “Астон вилла”, “Манчестер юнайтед” зэрэг топ багийн хаалгыг мялаасан.
•УЕФА-гийн Супер цом, клубийн ДАШТ-д түрүүлсэн. ДАШТ-ий хоёр тоглолтод Родри оролцсон агаад тус тэмцээнд “Сити” хоёр өрсөлдөгчөө илт давуу ялсан билээ. Харин баг нь Супер цомд түрүүлэхэд тэрбээр К.Палмерт гоолын дамжуулалт өгч байв.
•Европын АШТ-д Испанийн баг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв. Л.Ямаль, Н.Уильямс зэрэг залуус гялалзсан Испанийн багт довтолгоо, хамгаалалтын тэнцвэрийг хангаж, дундын шугамд чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Родри. Харамсалтай нь, финалд гэмтлийн улмаас бүтэн тоглож чадаагүй.
•Хожлын гайхалтай цувралын эзэн.Родрийг худалдаж авснаас хойш энэ улиралд гэмтэх хүртэлх хугацаанд нь “Сити”-гийнхэн 260 тоглолт хийснээс 74 хувьд нь ялжээ. Харин Родригүй 45 тоглолтынхоо 64 хувьд нь хожсон аж. Түүнчлэн Премьер лигт “Сити” Родритой тоглох үедээ дунджаар 2.37 оноо авдаг. Харин түүнийг тоглоогүй үед 1.90 оноо авдаг. Сонирхолтой нь, 2023 оны хоёрдугаар сараас 2024 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Родри нь талбайд гарсан 59 тоглолтдоо “Сити” огт ялагдаагүй.
Даруухан Родри
Родри өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагадаа “Алтан бөмбөг”-ийн тухай дурдаж байв. “Шагнал авах боломжтой тоглогчдын тоонд орж байгаа нь мөрөөдөл минь биелж, хүндлэл хүлээсэн хэрэг мөн. Юу ч болсон би үр дүнг нь хүлээн зөвшөөрнө. Гудамжинд таарсан хүмүүс “чи “Алтан бөмбөг” авах эрхтэй” гэж хэлж байгаа нь л миний хувьд ялалт юм. Намайг дэлхийн шилдэг тоглогч болж чадна гэдэгт хүмүүс итгэж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Би харин ийм зүйл болно гэж мөрөөдөж ч байсангүй” гэж тэрбээр ESPN-д ярьж байв.
Харин багийнхаа гол тоглогчийг уг шагналыг авах ёстой гэж үзэж буйгаа “Сити”-гийн дасгалжуулагч П.Гвардьола нуугаагүй. “Родри үнэхээр тогтвортой тоглодог нь биширмээр санагддаг. Түүнийг “Алтан бөмбөг” хүртвэл маш их баярлана гэдгээ нуугаад яах вэ. Энэхүү шагнал түүнд, гэр бүл, найз нөхдөд, мөн мэдээж манай багийн хувьд тун чухал амжилт” хэмээн Пеп ярьсан юм.
Тэгвэл нэрт хөл бөмбөгч асан Т.Анри испани тоглогчийн талаар “Хагас хамгаалагчид юу хийдгийг хүмүүс мартдаг тал бий. Гэтэл тэд бол багийн амин зүрх юм. Родри бол “Манчестер сити”-гийн зүрх. Тэрбээр “Аваргуудын лиг”-т түрүүлж чадаагүй ч Европын АШТ-д аваргалсныг нь мартаж болохгүй” хэмээн өгүүлж байв.
Анхдагч
Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч “Алтан бөмбөг” хүртэж байсан түүх үгүй. Уг шагналыг нэг удаа хаалгач (Л.Яшин 1963 онд), гурван удаа хамгаалагч (Ф.Беккенбауэр, М.Заммер, Ф.Каннаваро) хүртэж байсан. Бусад ялагч бүгд довтолгооны чиглэлийн тоглогч байсан билээ.
•1960 оноос хойш анх удаа. 1956 оноос олгож эхэлсэн “Алтан бөмбөг”-ийг эхний таван жилд нь гурван ч испани тоглогч хүртэж байв. Тэд бол А.ди Стефано (1957, 1959), Луис Суарес Мирамонтес (1960) юм. Тэр цагаас хойш Испанийн багуудын олон ч тоглогч энэ шагналыг хүртсэн. Гэхдээ испани тоглогч сүүлийн 64 жилд анх удаа тус шагналын эзэн болсон нь Родри.
•Сүүлийн 16 жилд анх удаа. Премьер лигийн тоглогчдоос хамгийн сүүлд К.Роналду “Манчестер юнайтед” багт тоглож байхдаа буюу 2008 онд тус шагналыг хүртсэн. Удаах 14 жилийн 12-т нь “Реал”, эсвэл “Барселона”-гийн тоглогч “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байжээ. Ташрамд дурдахад, уг шагнал түүхэндээ ердөө хоёр удаа Премьер лигийн тоглогчид очсон агаад нөгөөх нь “Ливерпуль”-ийн М.Оуэн (2001) билээ.
•“Сити”-гээс анх удаа. Мэдээж испани тоглогч багийнхаа түүхэнд эл нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны тоглогч боллоо.
2024 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөл бөмбөгчөөр хоёр дахь жилээ дараалж Испанийн шигшээ болон “Барселона” багийн хагас хамгаалагч Айтана Бонмати тодорсон байна. Түүнчлэн оны шилдэг дасгалжуулагчаар “Реал”-ын К.Анчелотти, шилдэг хаалгачаар Аргентины шигшээ болон Английн “Астон вилла” багийн Э.Мартинес, оны мэргэн буучаар тус бүр 44 гоол оруулсан Х.Кэйн, К.Мбаппе, шилдэг багаар Испанийн “Реал” тодорчээ.
Э.МАНЛАЙБААТАР