“СП фалконс” хөл бөмбөгийн клубийнхэн 2023-2024 онд Монголын дээд лигийн аваргаар тодорч, Азийн түвшний тэмцээнд оролцох эрх авсан. Улмаар “AFC challenge league” тэмцээний зүүн бүсийн хэсгийн шатанд Монгол Улсыг төлөөлөн тоглохоор болсон юм. Үүний хүрээнд тэмцээний Е хэсэгт багтсан “СП фалконс”-ынхон Индонезийн шилдэг багуудын нэг “Мадура юнайтэд”-ынхантай өчигдөр тоглосноор тэмцээнээ эхлүүлэв. Эх орноо төлөөлөн оролцож буй тус багийг 2010 онд байгуулсан бөгөөд Монголын хөл бөмбөгийн спортод өөрийн байр суурийг баталж, дээд лигт амжилттай өрсөлдсөөр буй шилдэг клубүүдийн нэг. Тус багийн ерөнхий дасгалжуулагчаар Артур Ферейра ажилладаг. Харин өрсөлдөгч баг болох “Мадура юнайтэд” нь хурдтай, довтолгоо давамгайлсан хэв маягаар тоглодгоороо онцлогтой. Түүнчлэн улсынхаа лигийн нэгдүгээрт бичигддэг шилдэг клуб юм байна.
Манай улс анх удаагаа “AFC challenge league” тэмцээний тоглолтуудыг эх орондоо зохион байгуулах эрх авсан. Үүний хүрээнд өчигдөр Монгол болон Индонезийн тамирчид өрсөлдлөө. Улмаар “СП фалконс” болон Мадура Юнайтед Багууд тэнцэв. Аравдугаар сарын 30-ны өдөр Үндэсний Дээд Лигийн аварга "СП Фалконс" баг Камбож Улсын "Свай Риенг" багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН