“Professional fighters league”-ийн ээлжит тулаанаа Ф.Нганну Эр-Рияд хотноо хийж, өрсөлдөгч Р.Феррейраг гурван минутад буулгаж авснаар өөрийгөө орчин цагийн хүнд жингийн хамгийн шилдэг холимог тулаанч гэдгээ дахин нэг удаа баталлаа. Түүний амжилтыг илэрхийлэх зарим тоон үзүүлэлтийг танилцуулъя.
•2018 оны зургаадугаар сараас хойш буюу зургаан жилийн хугацаанд ялагдал хүлээгээгүй. Энэ хугацаанд тэрбээр долоон ялалт байгуулснаас зургаан тулаанаа хугацаанаас нь өмнө дуусгажээ. Түүнийг хамгийн сүүлд шүүгчдийн саналаар Д.Льюис ялж байв.
•Сүүлийн найман тулаанд толгойдоо ердөө 24 удаа хүчтэй цохилт авсан.
•Холимог тулааны талбарт нэг ч удаа хугацаанаасаа өмнө ялагдаагүй. Ф.Нганну нийт 21 тулаан хийхдээ 18-д нь ялсан юм. UFC-гийн хүнд жингийн эхний 15-д багтдаг шилдгүүдээс цагаасаа өмнө ялагдаж үзээгүй цор ганц тулаанч нь Ф.Нганну билээ.
•UFC-гийн хүнд жингийн түүхнээ хамгийн олон тулаан (14) дараалж нокдаунд ороогүй амжилтыг эзэмшдэг.
•UFC-гийн түүхэнд 10 нокаутад хамгийн хурдан хүрсэн тулаанч. Ийм амжилтыг үзүүлэхэд түүнд ердөө 13 тулаан, 186 цохилт хэрэгтэй байлаа.
•UFC-гийн хүнд жингийн чансааны эхний 10-т багтдаг гурван тулаанчийн анхны ялагдлыг амсуулсан. Тэд бол С.Ган (Ф.Нганнуд ялагдахаас өмнө 10-0), Ж.Розенштрук (10-0), К.Блейдс (5-0) нар юм.
•Ялагдсанаасаа хойш хоёр ч удаа дараалж тав ялсан UFC-гийн түүхэн дэх анхны аварга.
•UFC-гийн таван аваргыг (С.Миочич, Ж.Дос Сантос, К.Веласкес, А.Орловский, С.Ган) ялсан цор ганц тулаанч.
•UFC-д 14 тулааны дараах байдлаар хамгийн өндөр ялалтын хувьтай хүнд жингийн тулаанч.
•Ф.Нганну UFC-г орхихоосоо өмнө 12 ялж, хоёр удаа ялагдсан нь тус байгууллагын түүхэнд С.Миочич, К.Веласкестэй тэнцэх өндөр амжилт (ялалтын хувь 85.71) юм. Гэхдээ Ф.Нганну 12 өрсөлдөгчийнхөө 11-ийг, С.Миочич наймыг, К.Веласкес 10-ыг хугацаанаас нь өмнө “дуусгаж” байлаа.
Э.МАНЛАЙБААТАР