ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Энхтуултай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж буй. Мөн энэ сарын 5-нд “Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг кластерт суурилуулан дээшлүүлэх арга зам” сэдвээр докторын зэргээ хамгаалсан байна
УЛС ТӨРИЙН КАРЬЕР ХӨӨХ ШИЙДВЭРИЙГ НӨХӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦААД ГАРГАСАН
-МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэж байсан охин 20 жилийн дараа багшаар буцаж ирсэн юм билээ. Энэ хооронд таны амьдрал хэрхэн өрнөв?
-МУИС-ийн Бизнесийн сургуультай ажил, амьдрал минь их холбоотой. Анх 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элссэн. Ингээд жилийн дараа оюутан солилцоогоор Варшавын Эдийн засгийн сургуульд шилжин суралцсан юм. Тэндээ маркетинг, менежментийн чиглэлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалаад 2006 онд төгсөж ирсэн. Тэр үед манай улсад чанаргүй зээл буурч, бизнес ид цэцэглэж эхэлж байв. Жижиг, дунд үйлдвэрлэлүүд ч хөгжиж байсан. Бизнесийн багцыг нь харахад компаниуд хуримтлал, хүний нөөц багатай ч хөгжих чин эрмэлзэлтэй байлаа. Тиймээс компаниудын, тэр дундаа орон нутгийн бизнесийн хөгжил чухал гэж бодсон юм. Хотын амьдрал харьцангуй сайжирсан ч орон нутагт байдал өөрчлөгдөөгүй байлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголд үйлдвэрлэе” төсөлд маркетингийн зөвлөхөөр ажиллаж, орон нутгаас экспортлох боломжтой 10 бүтээгдэхүүнийг кластераар хөгжүүлэх зорилгын дор “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд Хөвсгөлийн цай, Увсын жамц давс, чацаргана, Сэлэнгийн зөгийн бал, Булганы бор будаа зэрэг орон нутагт суурилсан, экспортод чиглэсэн кластерын хөгжлийн суурийг тавьсан юм. Сургалт хийж, маркетингийн зөвлөгөө өгч, зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, оролцогч талуудын хамтын ажиллагааг эхлүүлсэн нь эдгээр бүтээгдэхүүнийгүндэсний хэмжээнд болон олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлсэн. Монгол хүмүүс үр хүүхдээ боловсролтой болгоход их анхаардаг. Ур чадвартай мэргэжилтэн хотод ч, орон нутагт ч хамгийн хэрэгтэй. Тиймээс2012 оноос МУИС-даа буцаж ирээд багшилж байна даа.
-Та Британид ахлах сургуулиа төгссөн юм билээ. Мөн яагаад эдийн засагч мэргэжлийг сонгох болов?
-Нийслэлийн 23 дугаар сургуулийн есдүгээр ангид байхад аав минь Британийн Ковентри хотод магистрт сурахаар явсан юм. Би нэг дүүтэй. Аав, ээж хоёр ярилцаад магистрын зэрэг хамгаалах хугацаанд нэг хүүхдээ тэнд сургая гэж шийдсэн. Ингээд л айлын том учраас би явсан юм. 1990-ээд оны сүүлчээр бидэнд жишээ авахаар олон мэргэжлийн сонголт байгаагүй. Математикийн багш маань л эдийн засагч мэргэжлийг сонгоход гол нөлөө үзүүлсэн. Тоо бодож, хариуг нь гаргах үйл явц бол амьдрал гэдгийг заасан. Тооны хичээлдээ дуртай хүн хаана, ямар мэргэжил эзэмшиж болох талаар багш, аав, ээж, найз нөхөдтэйгөө ярилцаад эдийн засагч, тэр дундаа менежмент, маркетингийн мэргэжлийг сонгосон.
-Гадаадад сургууль төгссөн гэхээр л мундаг гэдэг ойлголт бий. Бас дэлхийн сургууль төгсөөгүй гэж залуусыг чамлах сэтгэлгээ байна. Гадаадад сурахын давуу болон сул тал юу вэ?
-Багш хүний үүднээс энэ асуултад хариулъя. Би гадаад, дотоодод бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан олон оюутантай ажиллаж байна. Гадаадад төгссөн хүн хэлний мэдлэг, бие даах чадвар арай илүү, олон хэлээр мэдээлэл авч чаддаг. Харин Монголынхоо нөхцөл байдлаас холдчихсон, энд байгаа олонх хүнээс сэтгэлгээ, мэдээллийн зөрүүтэй болчихдог сул тал бий. Дотооддоо төгссөн хүмүүс бол шинжлэх ухааны ойлголтыг төрөлх хэлээрээ авч, нарийн нь юнсыг нэгтгээд задлан шинжлэх талдаа илүү. Дотоодын сүлжээ, танил тал ч сайтай. Гэхдээ гадаад ертөнцөөс бага зэрэг хол. Харин гадаад хэлний мэдлэгийн хувьд үнэндээ ялгаагүй болжээ. Ялангуяа 2018 оноос хойш эх болон гадаад хэлний мэдлэгийн түвшин залууст яг ижил байна. Тэгэхээр бүх зүйл хувь хүнээс л хамаардаг юм билээ.
-Та 2020 онд“Зөв хүн-электорат” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн юм билээ. Эмэгтэй хүн улс төрд оролцоход гэр бүл, ойр дотнынхны дэмжлэг эрчүүдээс илүү чухал байдаг. Гэр бүлийн тань хүн таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм ээ, санал нэг байна. Эмэгтэй, эсвэл эрэгтэй хүн гэдэг талаас нь харж тайлбар хийх дургүй л дээ. Миний тухайд гэр бүл, найз нөхөд, хамт олны, тэр дундаа оюутнуудын маань дэмжлэг их нөлөөлсөн. Энхтуул гэдэг хүн дангаараа энэ нийгэмд оршин байдаггүй, ээж, эхнэр, багш гээд олон дүр бүтээж, үүрэг, хариуцлага хүлээн амьдарч байна. Тиймээс улс төрийн нам сонгох болон 2020 оны УИХ-ийн сонгуульд нэр дэвшихэд бүх л хүний дэмжлэг, оролцоо маш чухал байсан. Эмэгтэй хүнд гэр орны ажлаас эхлээд илүү ачаалал ногддог. Хүүхдүүд маань том болж, бие даах үеийг бид мэдээж хүлээдэг. Тиймээс хувийн амьдралынхаа аль тохиромжтой үед л зөвхөн улс төр гэлтгүй ажил эрхлэх боломжтой болдог шүү дээ.
Гэр бүлийн хүн бид хоёр 10 жилийн нэг сургууль төгссөн. Гэхдээ оюутан болсон хойноо найзынхаа хуримын үеэр танилцаж байлаа. Нөхөр маань Герман, Японд боловсрол эзэмшсэн, урлагийн гэр бүлээс гаралтай, төрийн албанд 20 орчим жил ажилласан хүн бий. Бид одоо зар сурталчилгаа, пиарын чиглэлээр гэр бүлийн бизнес эрхэлдэг. 2004 оноос нэр дэвшигчдийн сонгуулийн пиар ажлыг хийж ирсэн. Тиймээс улс төр надад тийм шинэ байгаагүй гэж болно. Ер нь зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулахад цаг хугацаа, зөв төлөвлөлт, санхүү хэрэгтэй байдаг. Энэ бүх туршлага минь 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд давуу тал болсон л доо.
Манайх дөрвөн хүүхэдтэй. Тэднийг төрүүлж, гараас гаргахад багадаа 10 жилийн ажил болно шүү дээ. Саяхан бид “15 жилийг цэцэрлэгийн багш шиг өнгөрөөж дээ” гээд ярилцаж суулаа. Хань бид хоёр нэгнээ хувь хүний болон мэргэжлийн хувьд сайжраасай, дараагийн зорилгодоо дөхөөсэй гэж дэмжиж, боломж олгодог юм. Тиймээс улс төрийн карьер хөөх шийдвэрийг хамтдаа гаргасан. Завгүй ээжээс гадна мэргэжлийн ажлаа хийнэ, бизнесээ амжуулна. Тэгэхээр бид ажлаа аль боломжоороо хувааж хийдэг юм. Би шөнө нь багыгаа хөхүүлээд хоносон бол нөхөр өглөө бусад хүүхдээ босгож хооллоод, сургуульд нь хүргэж өгдөг. Орой би хүүхдүүдээ авбал нөхөр хоолоо хийнэ гэх мэтээр амжуулж байна даа.
ХОЁР НАМТАЙ ДУОПОЛ ЗАХ ЗЭЭЛД АРДЧИЛСАН ТОГТОЛЦООГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ
-Яагаад улс төрд оръё гэж бодсон юм бэ. Бас энэ олон намаас ХҮН-ийг сонгосон шалтгаан юу вэ?
-2020 оны гуравдугаар сард ХҮН намд элссэн. Улс төрийн баруун, зүүний үзэл баримтлалын ялгаа гэж бий. Тухайн үед Хөдөлмөрийн үндэсний нам зүүнийх байсан. Барууны үзэл баримтлалтай хүн бүр компани байгуулж буй мэт амархан намтай болж чаддаггүй. Өнөөдрийн хууль, эрх зүйн орчин нь ийм байна. Либертари намынхан Дээд шүүхэд бүртгүүлэх гээд чадахгүй л явна шүү дээ. Тэр үед ч манай журмын нөхдөд барууны үзэл баримтлалтай нам байгуулах боломж олдоогүй учраас Хөдөлмөрийн үндэсний нам дээр суурилсан. Ингээд зүүний үзэл баримтлалтай намын байр сууринаас 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон. Үзэл баримтлалаа барууны чиглэлийнх болгох ажлыг бид өнгөрсөн дөрвөн жилд хийлээ. АН бас барууны үзэл баримтлалтай. Гэвч сүүлийн 30 гаруй жилд бид хоёр намтай дуопол зах зээлийг л бий болгож чадлаа. Ийм зах зээл хөгждөггүй, хоорондоо яриад хуулиа тохирчихдог. Тиймээс уг зах зээлийг олон оролцогчтой байгаасай хэмээн хүсэж ХҮН намыг сонгосон. Энэ бол ганц миний биш, манай намын улс төрд гүйцэтгэх гол үүрэг юм. 2024, 2028 оны сонгуулиар парламентад 4-5 нам бүлэг байгуулах хэмжээний суудал аваасай гэж боддог. Тэгж байж хууль тогтоох засаглал солонгорч, ардчилал жинхэнэ утгаар нь бүрдэнэ. Зах зээлийн хуулиар бол хоёр намтай байхад ардчилсан тогтолцоог бүрэн хэрэгжүүлж чадахгүй л дээ.
-Эмэгтэйчүүд улс төрд өрсөлдөхөд нийгмийн хандлага, соёл, санхүүгээс эхлээд олон бэрхшээл тулгардаг. Та өмнөх туршлагаасаа юу мэдэж авсан бэ?
-Хүмүүсийг оролцоод үз л гэж хэлмээр байдаг. Улс төр бол их сургуулийн багш, ээж хүнээс огт өөр ур чадвар шаардана. Мэдрэмжтэй, цаг хугацаатай байх гэх мэт. Ер нь бол сонгуулийн үеийн богино хугацааны төсөл байсан гэж болно. Эндээс багийн ажиллагаа маш сайн, гүйцэтгэлтэй байх ёстойг ойлгосон. Хэдийгээр нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч сонгуульд оролцсон нь миний хувьд том амжилт байсан. Улс төрд “хөл тавих” эхний алхмаа хийсэн гэсэн үг.
Тухайн үед хуулийн дагуу хандивын данс нээгээд, нийт санхүүжилтийнхээ 80 хувийг босгосон. Гэхдээ 2020 оноор л миний улс төрийн карьер дуусахгүй. Тиймээс 2024, 2028 он гэхэд би хаана очих вэ гэдгээ төлөвлөөд, хязгаарлагдмал цаг хугацаанд хязгаарлагдмал санхүүжилтээр яаж зохицуулах вэ гэдгээ тооцсон. Амжилт гэдгээ бодитоор тодорхойлох хэрэгтэй юм билээ. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулахад 5-10 хувийн л дэмжлэгийг хэрэглэгчдээсээ авдаг гэж бид заадаг. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихдээ ч санал өгөх насныхны байдлыг хараад би “За бүхнээ зориулахад сонгогчдын 5-10 хувь нь л шинэ бүтээгдэхүүнийг дэмжих юм байна” гэсэн тооцоо хийсэн. Яг л тийм байдаг юм билээ. Үүндээ санхүүжилтээ тааруулж зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш АН, МАН шиг уламжлалт аргаар өрсөлдөх давуу тал надад байхгүй. Намын суурь, санхүүжилт, дэмжигчид ч үгүй шүү дээ. Би ч өөрөө туршлагагүй байлаа. Тиймээс бодит амжилтаа тооцоолж чадсан нь надад ч, манай багийнханд ч амар байсан. Мөн улс төр эмэгтэй хүнд амаргүй. Ойр дотнын хүмүүс, хамт олны дэмжлэг маш чухал.
-Хүн уг нь уралдаанд ялна гэж ордог. Гэтэл та ялж чадахгүй, 5-10 хувийн л дэмжлэг авна гэдгээ мэдээд тэр өрсөлдөөнд оролцжээ.
-Би стратеги төлөвлөгөө хийдэг хүн. Тиймээс бодитой, ухаалаг бай гэж ярьдаг. Энэ мэргэжил минь ийм тохиолдолд магадгүй давуу тал болдог, бас буцаагаад хайрцаглачих нь бий.
-Сонгуулийн тогтолцоог холимог болгосны нэг зорилго нь төлөөллийн ардчиллыг нэмэх шүү дээ. Гэвч тойргийг томсгосон нь танигдаагүй улс төрч, санхүүжилт бага намуудад сорилт болж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бидний хамгийн боломжит шийдэл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байсан. Аливаа шийдвэрээс 100 хувийн үр дүн хүлээх боломжгүй, тийм зүйл байдаггүй. Эерэг, сөрөг тал аль аль нь бий. Зах зээлд шинэ нам ороход тулгарах саад бэрхшээлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр арилгасан. Харин одоо нам, эвслүүд жагсаалтдаа хэн нэгэн авлигач, мэргэжлийн бус хүмүүсийг бүү оруулаасай. Тэгвэл улс төрийн намуудын олон жилийн харилцан ойлголцлын үр дүн гарахгүй. Тиймээс л сонгогчид 76 болохгүй байсан хүнийг 126 болгож нэмлээ гэж бухимдаад байгаа юм. Болдог гэдгийг нь 2024 оны сонгуулиар харуулах хүлээлт бий. Сонгуулиас сонгуулийн хооронд айл өрхийн амьдралын нөхцөл, иргэдийн улс төрд итгэх итгэл буурч байна. Тэгэхээр парламентын гишүүдийн тоо л цөөрвөл бидний амьдрал сайжирна гэж бодох нь аргагүй. Гэвч хоёрхон нам парламентын хэмжээнд шийдвэр гаргасаар байвал энэ байдал засагдахгүй. Тиймээс олигопол тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Энэ бол зөвхөн Монголд биш, олон орны судалгааны үр дүнгээс тодорхой болсон шийдэл юм. Олон оронд улс төрийн шийдвэр гаргах явцыг солонгоруулахгүй бол дэлхий дээр популизм үргэлжилнэ гэдгийг тогтоосон. Монгол бол залуу, жижиг орон учраас өөрчлөлтийг тэднээс илүү хурдан хийх боломжтой.
ОЛОН ТӨРЛИЙН ОРЦ ОРЖ БАЙЖ ШИЛДЭГ БАГ БҮРДЭНЭ
-Хүйсийн тэгш байдлыг хангах 50:50 хөтөлбөрийг ХҮН нам хэрэгжүүлж, нэр дэвшигчдийнхээ талыг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэж буй. Хэдийгээр хуулиар нэр дэвшигчдийн 30 хувь нь бүсгүйчүүд байх квоторуулсан ч энэ бол сонгогдож чадна гэсэн баталгаа биш. Тэдэнд хэр зэрэг боломж байгаа бол?
-Бусад намаас энэ талаараа ХҮН манлайлж байгаа. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд амжилт гаргахаас илүү эхний ээлжид оролцох сонирхлоо илэрхийлэх эмэгтэйчүүд олон байгаасай гэж зорьж буй юм. Парламент, Засгийн газрын хэмжээнд эмэгтэйчүүд олон болсон нөхцөлд л тэднээс хамааралтай нийгмийн үзүүлэлтүүд сайжирдаг. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмждэг үзүүлэлтүүд дотор эмэгтэй хүн оролцож шийдвэр гаргах олон зүйл байдаг. Ялангуяа манайх шиг залуус олонтой улсад боловсролын салбар чухал. Япон, эсвэл Европын орнуудад эрүүл мэндийн салбарт эмэгтэй хүмүүсийн шийдвэр хэрэгтэй байдаг. Эмийн найрлагыг хүртэл эмэгтэй хүн оролцож байж илүү сайн хийдэг. Манайд боловсролын салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг ч шийдвэр гаргах түвшинд эрчүүд олон. Ажил хөдөлмөр эрхлэх хууль, эрх зүйн орчноо бид өөрсдөө сайжруулах хэрэгтэй. Эмэгтэй хүн гэртээ хэсэг хугацаанд хүүхдээ харсны дараа ажилдаа ороход л хоцрогдсон, хамт олон солигдсон байдаг. Мөн ажил тарах цаг нь хүүхдээ цэцэрлэгээс авахтай давхцахаас эхлээд асуудал их. Энэ зовлонг ойлгодог эмэгтэй хүмүүс л эрх зүйн зөв шинэчлэлийг хийдэг юм. Тиймээс 50:50 хөтөлбөр бол эмэгтэй хүн улс төрд оролцож болох юм байна гэсэн сэдлийг төрүүлэх зорилготой. Хэрхэн оролцоод, яаж амжилт гаргах нь дараагийн асуудал. Хүмүүс улс төрийн нам сонгохдоо таньдаг хүнээрээ дамжуулж харилцдаг. Манай нам эмэгтэйчүүдээ дэмжих 50:50 хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд зарлахад эргэн тойрны хүмүүс залгаж асуудаг. Итгэдэг сувгаараа дамжуулж харилцана гэсэн үг л дээ. Бид “За улс төр надаар л дутав гэж” гэж, эсвэл ХҮН намд дандаа гадаадад сургууль төгссөн, мундаг хүмүүс ордог гэж боддог. Манайд ийм хүн олон бий. Гэхдээ олон төрлийн орц орж байж шилдэг баг бүрддэг юм. Дотооддоо сургууль төгссөн, малчин, дунд сургуулийн багш зэрэг хүнээр бид хүрээгээ тэлмээр байна. Эмэгтэй хүн яаж ийгээд л өөрийнхөө нэг зүйлийг голдог, гэтэл тэр чинь таны давуу тал ч байж болно. Бидэнд таны голоод байгаа тэр давуу тал л хэрэгтэй.
-Олон улс төрч эмэгтэй “Зоригтой бай” гэж сануулдаг. Нийгмийн зүгээс ирэх дайралт бүрд бэлэн байх сэтгэл зүйн бэлтгэл чухал бололтой.
-Хүн сэтгэл санааны байдлаас хамаараад зоригтой, бас зориггүй байх үе бий. Тиймээс тууштай, зорилготой байх нь илүү чухал. Энэ чанар эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан. Бүсгүйчүүд харин ч илүү тууштай байж чаддаг. Үүнийгээ бодит зорилго, чиглэлтэй болговол бидний давуу тал. Заримдаа ямар азаар сонгуульд оролцов, эсвэл дэмий цаг хугацаагаа үржээ гэх мэтээр боддог. Мөн Монгол Улсад аж үйлдвэрлэл хөгжүүлэх хангалттай түүхий эд, боломж бий атал 70 хувийг нь үнэгүйдүүлж байгааг бодохоор энэ талаар хийсэн судалгаагаа амьдралд хэрэгжүүлмээр санагддаг. Улс төр дангаараа миний зорилго биш. Яавал дотоодын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах вэ гэдэг л туйлын зорилго минь юм. Зорилгынхоо төлөө орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж үзлээ. Залуус ур чадвартай мэргэжилтэн болох хэрэгтэй учраас их сургуульд багагүй хугацаанд багшилж байна. Судалгаандаа суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийнтулдманайнампарламентадбүлэгтэйболохньчухал.
-Та “Ноолуурын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг кластерт суурилуулан дээшлүүлэх арга зам” сэдвээр докторын зэргээ хамгаалсан юм билээ. Аж үйлдвэр хөгжүүлэх хүсэл эрмэлзэл чинь судалгааны энэ сэдвийг сонгоход хүргэсэн байх. Үр дүнг нь хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Уул уурхай бол маш их орлого авчирдаг ч ажлын байрыг нэмэгдүүлдэггүй салбар юм байна. Сүүлийн 30 орчим жил гадаадын хөрөнгө оруулалт энэ салбар луу чиглэсэн. Хөдөө аж ахуйн салбар хөрөнгө оруулалт татахуйц байж чадсангүй. Өнгөрсөн жил нүүрсний экспорт 70 сая тоннд хүрсэн. Гэвч иргэдийн бодит амьдрал сайжирсангүй. Үүнийг өөрчлөхийн тулд уул уурхайгаас орж ирж буй мөнгөөр дотоодын бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэр нь экспортын салбартайгаа нийлж байж дундаж цалин нэмэгддэг. Олон улсад экспортын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин бусдаасаа хоёр дахин өндөр байна. Манай уул уурхайн салбарынхны цалин ч 2.8 дахин өндөр. Тэгэхээр мах, ноолуур, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолдог болгохын тулд дотооддоо хөрөнгө оруулалт хийх, мөн гадаадынхны сонирхлыг энэ салбарт чиглүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин нэмэгдэнэ, ажлын байр бий болно. Ажилтай болбол аз жаргалын индекс нэмэгдэхээс эхлээд нийгэм, эдийн засгийн олон үр өгөөж гардаг. Ажил хийгээд ч цалин нь тухайн хүний амьдралд хүрэхгүй байгаагийн шалтгаан экспорт болон дотоодын эрх зүйн орчинтой холбоотой. Цалин нь хүрэлцэхгүй байгаа учраас 2-3 давхар ажил хийх, эсвэл гадаад явж хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоо өслөө. Энэ нь урт хугацаандаа нийгэмд олон сөрөг үр дагавар авчирдаг.