Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал уржигдар Төрийн ордонд болсон юм. Холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох уг хурлын үеэр нэр бүхий нэгэн уяач “Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш, охин шиг юмнууд чадахгүй” хэмээн хэвлэлд ярьжээ. Охин шиг гэдэг нь яг ямар утга илэрхийлнэ вэ. Үүний цаана “уйланхай, уяхан, турьхан” гэсэн санаа цухалзаж байна уу. Цовоо, цолгиун уралдаанч охид бишгүй олон. Тэр бүү хэл, алдарт уяач цолтой эмэгтэйчүүд хүртэл бий шүү дээ. “Эрэгтэй хүүхэд уйлдаггүй, хатуу чанга байх ёстой” гэсэн жендерийн хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэйг сэтгэл зүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд хатуу чанга харагдах гэж дүр үзүүлж, сэтгэлээ онгойлгон, хэн нэгэнд хуваалцахгүй байх нь сэтгэл зүйн гүн хямралд оруулж, бүр амиа хорлоход ч хүргэснийг олон судалгаа, баримтаас харж болно.
Монголд уламжлалт хандлага, жендерийн ялгаварлал нь байдаг л зүйл мэт гүн бат оршин тогтносоор өдий хүрэв. Үүний тод жишээ нь, дараалан гурван хүү төрүүлсэн эмэгтэйг монголчууд “Дархан бэр” хэмээн өргөмжилдөг. Хадмын талдаа эцгийн дайтай ихэд хүндлэгддэг гэж үздэг. Учир нь гурван хүү төрүүлсэн тул хүндлэл хүлээх эрхтэй гэнэ. Энэ нь хатуухандаа, охин хүүхэд төрүүлсэн бол хүндлэл хүлээх эрхгүй гэсэнтэй агаар нэг. Ийм хүний эрхийн мэдрэмжгүй, хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдлийг өөгшүүлсэн цол, тэмдгийг манай улсад л олгодог байх. Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” хэмээн өргөмжилсөн хэрнээ гурван охин төрүүлснийг нь яагаад “Уран бэр” гэж алдаршуулж болохгүй гэх асуулт ургана гарна. Ингээд “Дархан бэр”, “Уран бэр” хэмээх энгэрийн тэмдэг, үнэмлэх үнэд орж, өөр хоорондоо “өрсөлдөх” болов. Урлаг, соёлын алдартан, олны танил эрхмүүдээс эхлээд эгэл жирийн малчин эмэгтэй хүртэл энгэрээ ийм одонгоор “чимж” байна. Зарим нь бүр “Эцэг, эхдээ хэл, одон медаль авч өг” гэж эр нөхрөө ятгах болжээ. Энэ тэмдгийг хадмын талынхан нь хөөцөлдөж, мөнгө төлж авч өгдөг байна. Харамсалтай нь, төрийн болон төрийн бус байгууллагаас олгож буй “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөл нь Үндсэн хууль, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа юм. Энэ талаар Жендерийн үндэсний шинжээчдийн бүлгээс 2019 онд мэдэгдэл гаргаж байв. Гэвч мэдэгдэл үр дүнд хүрсэнгүй. Орон нутагт ийм явдал бүр гаарч, 2021 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын тэргүүлэгчид “Дархан бэр” энгэрийн тэмдэг олгох журамдаа “Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү төрүүлсэн, охин хүүхэд төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй” гэж “хатуу” зааж өгсөн нь олны эгдүүцлийг төрүүлж байлаа. Үүний дараа жендерийн үндэсний шинжээчид дахин мэдэгдэл гаргасан юм. Гэвч одоо ч энэ одон тэмдгийг өгч, авсаар л байна. Хүнийг хүйсээр нь ялгаварласан, Үндсэн хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг таслан зогсоох хүч Жендерийн үндэсний хороонд байхгүй бололтой.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Жендерийн үндэсний хороог тэргүүлж, үйл ажиллагааг нь удирдлагаар хангадаг гэсэн үг. Тус хорооны чиг үүрэг нь жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, олон нийтийн оролцоог тэнцүү хангах юм. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөр, тусгай арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, эдийн засаг, эрх зүйн баталгааг бүрдүүлэх, түүнийг боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах, үүнтэй холбоотой асуудлаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр болон олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах, зөвлөгөө өгөх гэнэ. Мөн жендерийн эрх тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүрэг хүлээдэг юм байна. Гэвч Жендерийн үндэсний хорооныхон гол ажлаа хурал, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг гэж эндүүрсэн бололтой.
Манай улсын төрийн байгууллагынхан ихэнх ажлаа цаасан дээр л “явуулдаг”. Жендерийн үндэсний хорооныхон ч мөн адил ийм замаар ажлаа явуулж буй. Нийслэл төдийгүй орон нутагт ч хурал, семинар утгаа алдаж, ажил хийсэн нэртэй цаг нөгцөөх болсон. Жендерийн салбар зөвлөл, хорооны хурлын тоо өнгөрсөн хоёр жилд 20-30 хувиар өссөн ахицтай байна хэмээн Жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн 2023 оны тайландаа онцолжээ. Энэ хэрээр ажлын үр нь 20-30 хувиар сайжирсан болов уу. Тэдний ажлын үр дүнгийн хэмжүүр юу вэ. Хэрэв цаасан дээр “биеллээ олсон” ажлууд нь амьдралд нийцсэн бол жендерт суурилсан хүчирхийлэл газар авч, хэвшмэл ойлголт хүрээгээ тэлж, тэгш бус байдал даамжрахгүй байв.
Дэлхийн банкнаас гаргасан эмэгтэйчүүд, бизнес ба хууль, эрх зүйн орчны үзүүлэлтийн индексээр ахиц дэвшил үзүүлсэн 20 улсын тоонд Монгол багтжээ. Манай улс адил үнэлэмж бүхий хөдөлмөрт ижил цалин хөлс олгох аргачлал баталж мөрдүүлсэн, хүүхдээ асарч буй аав, ээжид хүүхэд асарсны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэсэн гол үзүүлэлтээр ингэж “сайн” үнэлэгдсэн ажээ. Хүүхэд асарсны тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлсэн гээд байгаа нь өнөөх алдартай “Цалинтай ээж” хөтөлбөр. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдийн хөдөлмөрийг төр засаг “өндрөөр үнэлж”, сар бүр 50 000 төгрөг олгодог билээ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг энэ мэт гоё нэртэй, олон улсад “үнэлэгдсэн” хөтөлбөрийн цаана амьдралд үр өгөөжөө өгсөн нь тун цөөн. Үүний жишээ нь, Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцон гаргадаг жендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээр манай улс өмнөхөөсөө ухарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2022 онд 145 орноос 70 дугаар байрт бичигджээ. Харин өнгөрсөн онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн парламент дахь болон ажиллах хүчний оролцоо тааруу байгаа нь үүнд сөргөөр нөлөөлжээ. Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажиллахаа байсан талаар мэргэжилтнүүд дурдав. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны 2015-2022 оны мэдээллээс харахад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурсаар байгаа юм. Үүнд мөн л жендерийн хэвшмэл ойлголт буюу үр хүүхдээ эмэгтэйчүүд л харж хандах ёстой гэх уламжлалт хэв маяг нөлөөлж буй. Хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрдэг. Нөгөө талаас боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын олонх нь эмэгтэйчүүд байна. Энэ нь асрахуйн үйлчилгээнд багтдаг бөгөөд цалингийн хувьд ч өндөр биш. Мөн ахмад, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмэгтэйчүүд л ихэвчлэн асран тойглож буй. Эдгээр нь зөвхөн тэдний үүрэг мэтээр хандаж, ачааг нь улам нэмсээр.
Эдгээр өдрүүдэд дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өрнүүлж буй юм. Жендерийн үндэсний хорооноос уг аяныг нээснээ зарлаж, энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлүүлнэ хэмээсэн. Гэхдээ энэ 16 хоногт хүнд хүрсэн ямар ажил хийх нь тодорхойгүй. Зүгээр л аян зарлаад хүчирхийлэл буурчихдаг бол хэдэн зуугаар нь өрнүүлэхэд яах вэ. Гэтэл бодит байдалд жендерт суурилсан хүчирхийллийн тоо буурахгүй байна. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Жишээлбэл, энэ оны эхний есөн сарын байдлаар түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 3041 хүн хандаж, тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 2000 орчим нь эмэгтэйчүүд байжээ. Мөн 2100 гаруй нь хүүхэд байсныг анхаарах шаардлагатай байна. Хүчирхийлэлд өртсөн иргэдийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар өссөнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч З.Ундрах хэлсэн юм. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян зарлаад л “чимээгүй” суух биш, төр засгийн сонорт хүргэх, бодлогын хэмжээнд өөрчлөлт хийх нөлөөллийн ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, АНУ “MeToo” хөдөлгөөн өрнүүлж, бэлгийн хүчирхийлэл, дарамтын талаар олон нийтийн анхаарлыг хандуулсан нь хүчирхийллийн эсрэг тэмцлийн томоохон давлагаа болж байв. Энэтхэгт өрнүүлсэн “Хонх дарах” аян нь мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хөршүүдийн оролцоог дэмжсэн гэдэг. Эдгээр аяны үр дүнд жендерт суурилсан хүчирхийллийн талаарх иргэдийн оролцоо сайжирч, бодлогын түвшинд олон ажил хийжээ. Харин манай улсад, жендерийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүчирхийлэлд өртсөн иргэдийг тоолж, танилцуулахаас өөрөөр гавьтай ажиллаж чадахгүй байна.
Тэгш эрхийн талаарх зөв ойлголттой, хүний эрхийн зөрчил гаргахгүй ажилладаг төрийн албаныхан хэд байгаа бол. Жендерийн тэгш эрхийн талаар дуулсан орон нутгийн иргэд, тэр дундаа малчид хэчнээн байна вэ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “Хороо нь аймаг, нийслэлд салбар хороо, төрийн захиргааны төв байгууллагад салбар зөвлөлтэй байна” гэж заажээ. Салбар хороог тухайн шатны Засаг дарга, салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь баталдаг аж. Мөн ЗДТГ-т жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулахыг үүрэгджээ. Тэд чухам юу хийдэг вэ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, олон нийтийн оролцоог тэнцүү хангах чиг үүргийг нь Жендерийн үндэсний хорооныхонд эргэн сануулна уу, Ерөнхий сайд аа.
Ч.Цэлмэг