Тулааны спортын олон улс, тив, дэлхийн тэмцээний дэвжээнд амжилттай оролцож, улсынхаа нэрийг гаргасаар байгаа тамирчин манайд цөөнгүй бий. Тэдний нэг бол “Их засаг” их сургуулийн оюутан, “One team” клубийн тамирчин Б.Алтанчимэг. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан холимог тулааны 10 дахь удаагийн ДАШТ-ий залуучуудын ангиллын-61.2 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Түүний амжилт Монголын холимог тулааны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, үүгээр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг өгсөн юм.
-Тамирчин хүн зорилгоо биелүүлнэ гэдэг том амжилт юм. Узбекистан улсад зохион байгуулсан ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа.
-Тэмцээн болох газрын уур амьсгал, орчин нөхцөл хөл тавьсан анхны өдрөөс мэдрэгддэг гэдэг. Ташкент хот танд ямар мэдрэмж төрүүлэв?
-Тус хот өндөр уулстай юм билээ. Цаг агаар, уур амьсгал нь сэрүүн, хоол хүнс нь амттай байсан нь их таалагдсан. Холимог тулааны ДАШТ тэндхийн хамгийн том спорт цогцолборт болсон. Холимог тулааны УАШТ-д түрүүлсэн тамирчинд дээрх тэмцээнд оролцох эрх олгосон. Миний хувьд аварга болж, Ташкентэд хөл тавих зорилгоо биелүүллээ.
-Дэлхийн шилдгүүдтэй дэвжээнд тулалдана гэж бодохоор сэтгэл тань хэр догдолсон бэ. Багш нь шавьдаа түшиг болж, зөвлөсөн биз.
-Багш минь энэ удаа яваагүй. Монголын холимог тулааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Г.Дашдаваа багшийн удирдлагад Монголын тамирчид ДАШТ-д оролцсон. Дэвжээнд хэнтэй ч таарсан ялна гэсэн бодолтой гарсан болохоор эмээж, сандралгүй тулалдсан. Би эхний тулаанаа эзэн орны тамирчинтай өрнүүлж, гурван үе тулалдан шүүгчдийн саналаар ялсан. Хэсгийн аваргын төлөө Словак улсын, Европын аварга тамирчинтай таарсан ч хоёрдугаар үед тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Өрсөлдөгчөө судлах нь амжилт гаргахад нөлөөлдөг. Та ч гэсэн тэднийг тэмцээний өмнө судалж, тактик боловсруулсан уу?
-Тулааны өмнө өрсөлдөгчидтэйгөө тулалдахдаа юу хийхээ тооцоолон, багийнхантайгаа зөвлөлдөж ярилцсан. Узбекистаны тамирчны тулалдах арга барил, техник минийхтэй төстэй. Тэрбээр босоогоос тулалддаг. Надтай адил боксын цохилт хийж, хааяа хөлөөрөө өшиглөнө. Харин Словакийн тулаанч түүнээс өөр. Босоогоос тулалдана, барилдана. Өмнө нь бүх талаас нь судалж, мэдсэн тул тактикийн тулаан өрнүүлсэн. Түүнтэй барилдаж болохгүйг мэдэж байсан хэрнээ л барилдаад боолтоор хожигдсон юм. Ялагдал маань надад том сургамж болж, олон зүйлийг ойлгуулсан даа.
-Шилдгүүдийг ялж хүртсэн хүрэл медаль танд үнэ цэнтэй ирсэн шагналуудын нэг байх.
-Өрсөлдөгчөө ялж, шагналын тавцанд зогсдог болохоор хүрэл медалийг бэлгэшээдэг гэж тамирчдын ярихыг цөөнгүй сонсож байлаа. Миний хувьд чадна гэсэн бодолтой тулалдсан болохоор энэ спортоос сурсан бүхнээ, бас өөрт байгаа зүйлээ дайчилж гаргасан. Би тэмцээнтэй өдрүүдэд хэнтэй ч холбогдоогүй, зөвхөн тулаандаа анхаарал хандуулсан шүү.
-Таныг ДАШТ-д оролцохоор явсныг гэрийнхнээс тань өөр хэн ч мэдээгүй хэрэг үү?
-Тийм ээ. Өмнө нь тэмцээнд оролцоход хүмүүсийн хүлээлт өндөр байсан тул олон хүнд хэлэхийг хүсээгүй. Хүмүүс тэмцээний үйл явцыг болсны дараа л мэдсэн. Тамирчин хүнд олны итгэл найдвар, хүлээлт нэг талаар дарамт болдог тал бий. Тийм зүйлийг тэмцээний үед мэдрэхгүйн тулд чимээгүйхэн явсан.
-Таеквондо, бокс ч тулааны спортын төрөлд багтдаг шүү дээ. Холимог тулаан сэтгэлийг тань юугаараа тэгтэл их татсан юм бол?
-Холимог тулаанаар хичээллээд хоёр жил болж байна. Спортын төрлүүдээр хичээллэх бүрдээ өөрийн хийх зүйлээ олохыг хичээдэг. Тиймдээ ч өөрийгөө нээж, хөгжүүлэхийг байнга эрмэлзэж ирсэн. Олон улсын таеквондо, бокс, жиү жицүгээр сонирхож хичээллэдэг байсан минь холимог тулаанд хөл тавихад хөтөлсөн гэж боддог.
-Охидыг эцэг, эх нь тулаан, бөхийн төрлүүдээр хичээллүүлэх тийм ч дуртай байдаггүй. Хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гэрийнхэнтэйгээ хүртэл зөрчилдөх тохиолдол тамирчдад гардаг юм билээ.
-Боксоор хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ эхэндээ нуусан. Хоёр сар бэлтгэл хийсний дараа хэлэхэд ээж минь маш их дэмжсэн. Намайг олон улсын таеквондогоор анх хичээллэхэд манайхан нэг их дургүйцээгүй. Харин бэртэж, гэмтсэн үед миний төлөө сэтгэл нь зовнидог. Холимог тулааны бэлтгэл хийсэн анхны өдөр тэс өөр ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрж билээ. Олон улсын таеквондо, бокс өөрийн гэсэн онцлогтой. Тулалдах арга барил, техникээрээ ялгаатай. Холимог тулаан бол бөхийн болон бие хамгаалах тулааны бүх төрлийн техникийг өөртөө багтааснаараа өвөрмөц санагддаг.
-Зарим цахимхуудсанд таныг ДАШТ-ээс алтан медаль хүртлээ гэж мэдээлсэн байхыг харсан л даа.
-Тамирчин хүн гаргасан амжилтдаа ханаж болохгүй. Миний хувьд хойшид өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн түвшинд хүрсэн дэлхийн тамирчин болно гэж боддог. Би бүх зүйлээ олонд нээлттэй байлгахыг хүсдэггүй. Тамирчид томоохон тэмцээнд оролцсоныхоо дараа магтаал, шүүмжлэл, хэл аманд багагүй өртдөг болохоор өөрийгөө цахим ертөнцөөс бага багаар тусгаарлаж эхэлсэн. Үнэнийг өгүүлэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярилцлага өгөхгүй байгаа. Намайг ДАШТ-д ямар улсын тамирчидтай тулалдаж, медалийн болзол хангасныг Монголын холимог тулааны холбоо маш тодорхой бичиж мэдээлсэн шүү дээ. Зарим сайт тэмцээний талаарх мэдээллийг сайтар нягталж судлаагүйн улмаас намайг алтан медаль хүртлээ гэж ташаа мэдээлснээс хүмүүст хүлээлт үүсгэсэн.
-Тулааны спортын төрлүүдээр хичээллэсэн он жилүүдийн тань тухай сонсвол сонирхолтой түүх өгүүлэх биз?
-Олон улсын таеквондогоор хичээллээд хөлөө гэмтээсэн юм. Бэртлээ эдгээсэн ч хөл минь хэвийн байдалд ортлоо нэлээд удсан. Тэр үед хөлөө бус, гараа ажиллуулъя гэж бодоод боксоор хичээллэсэн. Тэгтэл бокс цэвэр хөлийн ажиллагаа байсан юм билээ. Багшийг минь Шагдарын Ганбаатар гэдэг. Миний суурийг зөв тавьж, тулааны техникүүдийг заасан. Багштайгаа холимог тулаанаар хичээллэх талаар ярилцаж, удирдлагад нь бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Би жиү жицүгийн цэнхэр бүстэй. Гар, хөлийн өчилт, гурвалжин боолт гээд олон техникийг багтаасан. Миний хувьд ДАШТ-д өрсөлдөгчөө боксын техникээр ялсан. Эзэн орны тамирчинтай ижил түвшинд тулалдахгүй бол зохион байгуулагч улс гэдгээр ялалтыг өгөх магадлал өндөр байлаа. Тиймээс нутгийнх нь дэвжээнд буулгаж авахын тулд түүнээс ч илүү ухаан, ур чадвар, хүч гаргаж ялсан. Спортын төрөл бүрд давуу тал бий. Ялалт, ялагдал гэхгүйгээр бие даах, өөрийгөө хөгжүүлэх гээд олон зүйлийг суралцдаг. Холимог тулаанаар хичээллэхэд таеквондогоос өшиглөлт, боксоос заавал цохилт сурна гэсэн баригдмал ойлголт байдаггүй. Хүнийг зөв төлөвшүүлдэг зүйл бол спорт шүү дээ. Спортод хэдий чинээ цаг зав гаргана, тэр хэрээр зөв хүн болж хүмүүждэг.
-“Их засаг” их сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ. Сургуулийн удирдлага, багш нар нь спортоор хичээллэдэг оюутнуудаа хэр ойлгож дэмжив?
-Би тус сургуульд аюулгүй байдал, эрх зүйч мэргэжлээр сурдаг. Сургуулийн удирдлагууд спортоор хичээллэдэг тамирчдаа маш сайн дэмждэг. Тамирчдад цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл. Надад чөлөөт цаг маш бага гардаг. Өглөө хичээлдээ гүйх, өдөр нь бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцох, гэрийнхээ ажилд туслах, ойр дотнынхоо хүмүүст анхаарал хандуулах гээд миний хувьд завгүй байдаг ч бүхнийг амжуулахыг хичээдэг.
-Спортын талбар өрсөлдөөн, тэмцэл ихтэй. Хааяа тамирчны амьдралаар замнах амаргүй санагддаг уу?
-Амархан ирдэг амжилт байхгүй шүү дээ. Миний хувьд дөнгөж эхэлж байгаа болохоор эцсийг нь хүртэл явна. -Халширч, шантарсан үед юунаас урам зориг, эрч хүч авч, өөрийгөө хэрхэн хурцалж зоригжуулдаг вэ? -Багштайгаа, бас өөртэйгөө ярилцдаг. Хэцүү санагдсан үед анх хэрхэн эхэлснээ боддог. Тийм үед багш зөвлөж, алдааг минь засан зөв зүг рүү чиглүүлдэг. Ямар ч үед хамгийн үнэн үгийг хэлдэг хүн бол миний багш л байдаг.
-Дэвжээнд гарах бүрд ямар мэдрэмж төрдөг вэ. Хамгийн их бахархсан зүйл тань юу бол?
-Эх орноороо дуудуулах сайхан. Монгол хүн болж төрснөөрөө их бахархдаг. Холимог тулааны ДАШТ-д тамирчид өөрийн ур чадвар, тулааны онцлогоо харуулсан. Санаанд орж байгаагаар миний жинд Украины аварга тамирчин үнэхээр сайн байлаа. Түүнээс өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэл, барилдааны чадвар гээд өөрт дутагдаж байсан зүйлээ олж харсан.
-Амжилтад хөтөлсөн багшийнхаа тухай өгүүлээч. Хааяа халширсан үедээ зөвлөж хэлдэг ямар үгийг нь хамгийн их боддог вэ?
-Багш минь ОУХМ, боксын дасгалжуулагч. “Оne team” клубийг үүсгэн байгуулагч. Тэрбээр бидэнд “Энэ зааланд 10 хүн орж ирлээ гэхэд ердөө нэг нь тамирчин болдог. Эсвэл бүгд тамирчин болдоггүй. Чамд ийм их боломж байгаа. Одоо л ашиглаад ав. Хүн болгонд ийм боломж олддоггүй юм шүү. Зүтгээд бай” гэж хэлдэг юм.
-Та тив, дэлхийн тэмцээнд хойшдоо нэг бус удаа оролцоно. Узбекистанаас ямар хүсэл, тэмүүлэл, бас зорилго, ухаарал өвөртөлж эх орондоо ирэв?
-Хүн үнэхээр хүсвэл хүрч чадахгүй зүйл гэж байдаггүй юм байна. Дэлхийн дэвжээ хол биш. Энэ бүхэн бодол, сэтгэлд ойрхон байсан гэдгийг ойлгосон. Тэр хэрээрээ туршлага хуримтлууллаа. Цаашдаа мэргэжлийн түвшний тамирчин болохын төлөө хичээнэ. Энэ ташрамд спортын суурийг тавьсан олон улсын таеквондогийн багш Доржпаламын Аюурзана, жиү жицүгийн багш Батцогтын Буяндэлгэр нартаа баярлаж явдгаа илэрхийлье.