Испанийн Мадрид хотноо зохион байгуулсан Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүлжээ. Удаах байрт Франц болон Польшийн баг шалгарсан бол гуравдугаарт Филиппин улсын сйилбэрчид жагссан байна.
Тэргүүн байрын шагнал хүртсэн Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар өвөл цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг аж. Тэд 2006 оноос хойш дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцож, үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа уран бүтээлчид. Тухайлбал, Ц.Мөнх-Эрдэнийн хамгийн том бүтээл нь Баянхонгор аймгийн Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэнд урласан үлэг гүрвэлийн сийлбэр бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр. Түүнчлэн тэрбээр дэлхийн мөсөн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.
Ташрамд дурдахад, олон улсын мөсөн сийлбэрийн “Mazaalai” тэмцээнийг Монголд анх удаа өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулж байв. Уг тэмцээнд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Тайланд зэрэг улсын 24 уран бүтээлч 12 баг болон дөрөв хоногийн турш “Мазаалайг хайрлая” сэдвийн хүрээнд бүтээлүүдээ урласан юм. Эл тэмцээнд манай улсын баг хоёрдугаар байрт шалгарсан билээ.
У.СҮРЭН