-Монгол дахь олон улсын зарим байгууллагын ажилтнууд хүнд, хортой нөхцөлд амьдардаг хэмээн нэмэгдэл цалин авдаг-
Агаарын тухай хууль дахь “Агаар хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, үр дүнг нь жил бүр тайлагнах” гэсэн заалтаар баталгаажсан үүргээ биелүүлээгүйнх нь төлөө Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч, амь, эрүүл мэндээрээ хохирч, амьсгалах аргагүй хүнд нөхцөлд амьдарч буйнхаа нөхөн төлбөрийг нэхэмжилье. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тусгасан “амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, нийтээрээ хохирч байгаагийнхаа төлөөсийг төр засгаас ингэж л авъя.
Утааны асуудлыг үл хайхарч, иргэдээ золионд гаргаж буй дүлий төрийн чихэнд шүүхийн нэхэмжлэлээр хонх уяж, “нойр”-ноос нь сэрээе. Төрийн байгууллага, хэн нэгэн албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр иргэний эрхийг зөрчсөн бол шүүхээр эрхээ хамгаалуулах, нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл бий. Энэ боломжоо эдэлж, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хохирол тооцуулах эрх нийслэлчүүдэд байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын томоохон зарим байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд агаар, орчны бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч, хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг үндэслэлээр нэмэгдэл цалин, урамшуулал авдаг гэнэ. Парламентын гишүүн нь хүртэл үүнийг баталж байна. Олон улсын байгууллагад ажилладаг нэгэн мэргэжилтэн “Дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагааны эрсдэл өндөртэй улс, бүс нутагт ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй хүмүүст нэмэлт цалин олгодог жишиг дэлхий дахинд бий. “Force majeure” буюу гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, “hardship” буюу хүнд нөхцөл байдал зэргийг харгалзан тооцож, үүнийг өгдөг юм. Манай улс дахь гадаадын зарим томоохон байгууллага ч ажиллах орчны хүндрэл, эрүүл мэндийн эрсдэлийг харгалзан ажилтнууддаа тодорхой нэмэгдэл олгодог. Ялангуяа Улаанбаатарт суурин байдаг дипломат албаны ажилтнуудад агаарын бохирдол, түгжрэл зэргийг харгалзан үүнийг тооцдог” хэмээн ярив. Түүнчлэн ДЭМБ, НҮБ зэрэг томоохон байгууллага орчны бохирдол ихтэй бүсэд ажилладаг мэргэжилтнүүддээ эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч, хамгаалах хэрэгслээр хангадаг, Монгол дахь хүмүүстээ агаар шүүгч, амны хаалт тарааж байсан тохиолдол бийг ч дурдлаа. Агаар, орчны бохирдлын хор уршгийг мэддэг, эрсдэлийг нь тооцоолдог улс, байгууллага иргэдээ ийнхүү хамгаалдаг байх нь. Томилолтоор буюу бүрэн эрхийн хугацаанд, хэсэгхэн зуурт утааны голомтод ажиллаж буй хүмүүсийнхээ эрүүл мэндэд ийнхүү анхаарч, санаа тавьж байхад манай төр засаг жилийн дөрвөн улирлын турш хортой агаараар амьсгалдаг иргэдээ үнсэнд хаясан шалз шиг л орхичхоод, жишим ч үгүй байх. Хүнээ боддоггүй, хахир, харалган төр ийм л байдаг гэлтэй.
Агаарын бохирдолтой орчинд ажиллаж, амьдардагтаа нэмэгдэл цалин авдаг хүмүүстэй барьцаж, үгүйсгэж байгаа юм биш. Угаасаа тэдэнд өгөх нь ч зөв. Эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах иргэдийн эрхийг хамгаалахын тулд төр, эсвэл ажил олгогч байгууллага наад захын болон шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Ингэж чадахгүй бол хариуцлагаа үүрэх нь ч зүйн хэрэг. Тиймээс л Засгийн газраа шүүхэд өгөөд ч болов утаагаар уушгиа утуулж, өвчлүүлсний төлбөрөө нэхэмжилье гэж буй юм. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ үлэмж нэмэгдэж, амьсгалах ч аргагүй болдог өвлийн саруудад ядаж иргэддээ дэмжлэг, нэмэгдэл олгодог бол ямар вэ. Үйлдвэрүүд хүртэл хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстээ өдөр бүр сүү өгч, хордлогыг нь тайлдаг. Яг үнэндээ Улаанбаатарын өвөл үйлдвэрийн хүнд нөхцөлөөс ч ялгаагүй хортой болоод удлаа. Бидэнд сүү, бас эм, эмчилгээнд зарцуулах нэмэгдэл ядаж хэрэгтэй байна.
ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагынхан манай улсад судалгаа хийгээд агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлтэй холбоотой “сүрдэм” үзүүлэлтүүдийг гаргасан байдаг. Гэвч монголчууд дөжирч гүйцжээ. ДЭМБ-ынхан гэхэд Улаанбаатарын утаа жил бүр 4000 хүнийг эрт нас барахад хүргэдэг, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зардлын 30-40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийнх гэж тогтоосон. Энэ бол мөсөн уулын орой төдий л статистик. Агаарын бохирдлоос үүдэлтэй шууд болон шууд бус хохирлыг бодитоор, өргөн хүрээгээр (ажлын бүтээмж, амьжиргаа, сэтгэл зүй, орчинд учруулах нөлөө гэх мэт) авч үзвэл тоймгүй “том” тоо гарна. Утаанаас болж нэг өрх өвөлд хэчнээн төгрөгийг эм, эмнэлгийн үйлчилгээ, агаар шүүгч, амны хаалт, түлш шатахуунд зарцуулдаг билээ дээ. Хүүхэд нь өвдөхөд эцэг, эхчүүд сэтгэл зүй, эдийн засгаар хэрхэн давхар “яллуулдаг” билээ. Зарим нь утаанаас дайжихдаа аргагүйн эрхэд харийн орныг, хөдөө нутгийг зорьж, ажил, гэр ойр дотнынхноосоо хол өвлийг өнгөрөөж байна шүү дээ. Ингээд бодохоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй иргэн бүрийн өмнө Монголын төр хариуцлага үүрч, нөхөн төлбөр олгоход буруудахгүй.
Олон улсын туршлагаас харахад, БНХАУ-ын Бээжин хотын иргэд 2014 онд шүүхэд хандаж, орчны бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн хохирлоо төлүүлэхээр Засгийн газраасаа нөхөн төлбөр нэхэмжилсэн байдаг юм билээ. Энэ тохиолдолд нөхөн төлбөр олгох талаар шууд шийдвэр гаргаагүй ч шүүхээс Засгийн газарт орчны бохирдлыг бууруулах үүрэг хүлээлгэсэн анхны тохиолдол болжээ. Агаарт формальдегид зэрэг их хэмжээний хортой бодис тархсанаас олон мянган иргэний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрсэн хэрэг 2011 онд Өмнөд Солонгост гарчээ. Тус улсын иргэд эсэргүүцэн тэмцэж, зохих түвшний байгууллагад хандсанаар Засгийн газраасаа болон хариуцсан компаниудаас нэг удаагийн нөхөн төлбөр авч байж. АНУ-д “Volkswagen” компани агаарын чанарын стандартыг зөрчсөнтэй холбоотойгоор 2016 онд тодорхой бүс нутгийн иргэдэд нөхөн төлбөр олгосон түүхтэй аж. Агаарын бохирдол “эзэнтэй”, хариуцлага хүлээх хүмүүстэй, бас иргэд хохирлоо нөхөн төлүүлж болдог гэдгийг эдгээр жишээ нотолж байна.
Манай улсад 2010 онд баталсан, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль бий. Түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон, суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигчдийг уг хуулиар агаарын бохирдлын төлбөр төлөгч гэж тодорхойлсон. Төлбөр ногдуулах органик уусгагч болон бохирдуулагч бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан баталдаг бол төлбөрийн хувь хэмжээг аймаг, нийслэлийн ИТХ, улсын зэрэглэлтэй хотын зөвлөл стандарттай уялдуулан тогтоодог. Харин энэ төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлдэг хэмээн тус хуульд маш тодорхой бичсэн буй. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын сангийнхан “Хуульд тэгж тусгасан ч манайд энэ мөнгийг төвлөрүүлдэггүй. Сангийн яамтай хамааралтай” гэсэн юм. Харин Сангийн яамныхан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангийнхан үүнийг үргэлж өөрсдөөсөө холдуулж, манайх руу чиглүүлдэг. Агаарын бохирдлын төлбөрийг тусгай санд л төвлөрүүлдэг байх учиртай” гэсэн юм. Эндээс манай улс Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиа огт хэрэгжүүлдэггүй, хяналт тавьдаггүй, эсвэл үүнтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нууцалдаг байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Дээрх хоёр байгууллагынхан аль аль нь энэ талаар тодруулж, эргэн мэдэгдэх “амлалт” өглөө. Асуудлын гол нь нэгэнт бид агаар бохирдуулагчдад нөхөн төлбөр ногдуулах хуультай юм бол үүнээс төвлөрүүлсэн орлогоо олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулж яагаад болохгүй гэж. Агаар бохирдуулагчид нь ил байна, хохирогчид нь ч тодорхой шүү дээ. Засгийн газрын тусгай санд төвлөрүүлсэн мөнгө, татвар төлөгчдөөс бүрдүүлсэн төсөв ямар замаар хэрхэн замхардгийг бид мэднэ. Амьдралаас хол тасархай сайд, дарга нарын санаачилсан ажлуудад тэрбум, тэрбум төгрөг хуваарилж “баярхдаг” төр засаг иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөхөд төсвийн хэмнэлт, хүрэлцээ ярьж хэрхэн нүүр буруулдгийг ч бид өнгөрсөн хугацаанд бишгүй харсан. Тиймээс утаа “үйлдвэрлэгчид”-ийн тусгай санд төвлөрүүлсэн мөнгийг утаанд хордож, хохирсон иргэдэд зориулах санал гаргаж байна. Үүнийг нэхэмжлэх эрх бидэнд бий.
Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд утааг ер хайхрахаа байлаа, сүүлийн үед. Засгийн газар нь Агаарын тухай хууль дахь “Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж, ажиллуулах” бүрэн эрхээсээ няцаад, хороогоо татан буулгаад, чимээ алдарчихлаа. Агаарын бохирдлыг иргэд л ярьж байна. Амиа бодож, амьсгалах, амьд байх эрхийнхээ төлөө бид л дуугарах ёстой боллоо.
Н.Мишээл