Дугарсүрэнгийн Тайванбаяр гэх хаягтай иргэний нийгмийн сүлжээнд оруулсан “Туул гол руу бохир ус нийлүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд Булган аймгийн Бүрэгхангай сумд хяналт шалгалт хийгээд “Вайнд майнд” ХХК-д холбогдох хууль бус үйлдлийг илрүүлжээ. Дэрст багийн Туулын дэнж гэх газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй тус компанийнхныг MV-021972 тоот ашиглалтын лицензтэй талбайгаас Туул гол руу бохироо шууд нийлүүлснийг нь шалгалтаар тогтоосон аж. “Вайнд майнд”-ынхан 2022 оноос хойш ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй сав газрын захиргаанаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэнэ.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Булган аймгийн Цагдаагийн газар, Бүрэгхангай сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нар шалгалтын багийнхны мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаад, тус компанийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоожээ. Мөн хуулийн дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ. Туул голын сав газрын захиргаанаас “Вайнд майнд” компанийн үйл ажиллагааны зөрчлийг Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдээлж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллахыг хүсжээ.