Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас автомашины импорт, нүүрсний экспорттой холбоотой энэ оны статистик мэдээллийг танилцуулав. Манай улс 2024 оны эхний 11 сард суудлын 115 667, ачааны 26 801 автомашин импортолсон нь аль аль нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн аж. Хилээр оруулж ирсэн суудлын машины тоо өнгөрсөн жилийнхээс 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ.
Энэ сарын 1-нд манай улс 18.2 мянган тонн нүүрс экспортолсон байна. Ингэснээр экспортын нийт хэмжээ 74.2 саяд хүрч, 2023 оны мөн үеийнхээс 23.9 хувиар нэмэгджээ. Манай улс энэ оны эцэс гэхэд 78 сая тонн нүүрс экспортлох зорилтоо өдгөө 94.8 хувьтай биелүүлээд буй бол ирэх онд 83 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн аж.
Н.МИШЭЭЛ