Эрүүдэн шүүхтэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол нөгөөдөр болох юм. Үүнтэй холбогдуулан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааны асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболдтой ярилцлаа.
-Ярилцлагаа эрүү шүүлт гэдэг ойлголтоос эхлүүлэх нь зүйтэй байх гэж бодлоо. Цэргийн анги, Хорих байр, цахим орчинд хүртэл эрүүдэн шүүж байна гэж ярих боллоо шүү дээ.
-Эрүүдэн шүүх гэсэн нэр томьёог Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын I зүйлд тодорхойлсон байдаг. Хамгийн энгийн ойлголтоор бол хэн нэгэн хүнд хэрэг хүлээлгэх, нотлох баримтыг өөрөөр нь гаргуулан авах, гэм буруутай гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлж, түүнийг нь өөрийнх нь эсрэг ашиглаж ял, хариуцлага хүлээлгэх гэсэн агуулгыг илэрхийлнэ. Хэрэг хүлээлгэх агуулга нь янз бүрийн арга, үйлдлээр илэрч болно. Тухайлбал, эрх чөлөөнд халдах, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох, удаан хугацаанд хорьж эрх чөлөөг нь хасах, орчин нөхцөл муу газарт хорих, ял шийтгэл эдлүүлэх, төрөл бүрийн болзол тавих гэх мэт. Ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоогүй, хэрэг хүлээлгэх зорилго байхгүй ч хүнтэй хүнлэг бус харьцаж, нэр төрийг нь доромжлон шийтгэх явдал (дэглэлт) цэргийн анги, хорих газар зэрэг хүн дураараа гарч явах боломжгүй газруудад үйлдэгддэг. Үүнийг ч эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор хамгаалдаг. Тэгэхээр “эрүүдэн шүүлт”, “хүнлэг бус харьцах”, “хүний нэр төрийг доромжлон шийтгэх” гэсэн хүний эрх, хууль зүйн ойлголтуудыг нарийвчлан авч үзэх ёстой. Манай улсын Эрүүгийн хуульд эдгээр үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчилсан.
ГЭМТ ХЭРЭГТ СЭРДЭГДСЭН ХҮНИЙГ ЦАХИМ ОРЧИНД ДАРАМТЛАХ НЬ ЭРҮҮ ШҮҮЛТИЙН НЭГ ХЭЛБЭР
-Цахим орчинд эрүүдэн шүүж буй асуудлаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Эрүү шүүлт гэсэн ойлголтыг орчин үед илүү гүнзгий агуулгаар тайлбарлаж, хэрэглэх болжээ. Дээхнэ үед хэрэг хүлээлгэхийн тулд хамгийн бүдүүлэг, зэрлэг, хүний санаанд багтамгүй арга хэрэглэж байсан бол өнөө цагт энэ хандлага өөрчлөгдөж байна. Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг хэрэг хүлээлгэх, сэтгэл зүйд нь нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, олон нийтэд буруутай мэт харагдуулах зорилгоор цахим орчинд зориуд мэдээлэл цацаж, сэтгэл санааг нь шаналган зовоож байгаа нь эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэх үндэстэй. Комисст ийм агуул гатай гомдол, мэдээлэл сүүлийн үед ирж байгаа.
-Тэгвэл хүнлэг бус харьцаж, хүний нэр төрийг доромжлон шийтгэх зэргээр эрүү шүүлт тулгах явдал Монгол Улсад хэр их гарч байна вэ?
-ХЭҮК-т эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээлэл жилд дунджаар 45-65 бүртгэгддэг. Тухайлбал, 2023 онд 60, 2024 оны эхний 11 сарын байдлаар 45 бүртгэгдсэн байна. 2016-2023 оны хооронд шүүхээр энэ төрлийн 14 гэмт хэргийг шийдвэрлэжээ. Прокурорын байгууллагын статистик мэдээллээс харахад, энэ төрлийн гомдол жилд 80 орчим бүртгэгдэж байна. Гэтэл шүүхээр шийдвэрлэсэн нь ердөө хоёр. Энэ нь харьцангуй бага үзүүлэлт. Нуугдмал байгаа, хэрэгсэхгүй болгосон, эрүүдэн шүүлтэд өртсөн талаараа өөрөө ч ойлгоогүй тохиолдол цөөнгүй. Үүнийг тооцож үзвэл арай өөр дүр зураг гарах байх.
-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эрү үшүүлтийн дэд хороодын болон ХЭҮК-ын тайланд дурдсанаар эрүүдэн шүүх явдал Монгол Улсад байна гэжээ. Та үүнд ямар хариулт өгөх бол?
-ХЭҮК-ын хэд хэдэн удаагийн илтгэл, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, дэд хороо, манай улсад ажилласан НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлтүүдэд эрүүдэн шүүлтийн хэлбэр Монгол Улсад байсаар байгааг дүгнэсэн. Хүний эрхийг хамгаалах эдгээр механизмаас өгсөн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар тодорхой арга хэмжээ авч, ахиц дэвшлийнхээ талаар тайлагнадаг. Үүнтэй холбоотой нөхцөл байдал сайжирч байгаа ч илүү хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлага бий. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын III тайланг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаар хэлэлцлээ. Чуулган Швейцарын Женев хотноо энэ сарын 11-13-ны өдөр болсон.
-Тус чуулганд танаас гадна комиссын гишүүн Я.Цэлмэн оролцсон. Манай улсын тайланг хэрхэн дүгнэв?
-Монгол Улс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа тодорхой хугацаанд НҮБ-д тайлан хүргүүлдэг. Энэ удаа 2020 онд хүргүүлсэн тайланг хэлэлцэж, тусгай илтгэгч нарын асуултад тайлбар өгсөн. Ахиц дэвшил, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж ирүүлдэг. Энэ удаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинд хийж буй шинэчлэлийн үр дүн, бүтэц тогтолцоо, шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудал, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах, хорих байгууллагын алба хаагчдад чиглэсэн сургалт, эрүү шүүлтийн хохирогчдыг хамгаалах, нөхөн олговор олгож буй байдал, НҮБ-ын хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийн хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүн худалдаалах гээд өргөн хүрээнд хэлэлцлээ. Манай улсад дахиад зөвлөмж ирүүлэх байх. Үүний дагуу мөн тайлагнах үүрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд, зөвлөмж ирүүлж байна гэдэг нь нөхцөл байдал муу гэсэн агуулга биш. Хүний эрхийн асуудал тасралтгүй сайжирч явах учраас улам сайн жишигт нийцүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүд ирүүлдэг юм. Мэдээж анхаарал татсан асуудлуудыг шийдэхийг мөн сануулдаг.
-Эрүү шүүлттэй холбоотой асуудалд хууль, хүчний байгууллагынханнэрхолбогдсоорирсэн. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн үү. Ер нь эрүү шүүлт тулгах гэмт хэрэг хаана их үйлдэгдэж байна вэ?
-Сүүлийн долоон жилийн байдлаар 30 албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Эдгээрээс олонх нь буюу 21 нь цагдаагийн, үлдсэн нь тагнуул, АТГ, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч. Нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь удирдлагын болон техникийн хяналт сул, хүний болон санхүүгийн нөөц бололцоо дутмаг газар, мөн хүний эрхийн мэдлэг, хандлага бүрэлдээгүй орчинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тиймээс ХЭҮК-оос хууль хяналтын байгууллагуудын ажиллах орчин нөхцөл, НҮБ-ын стандарт, алба хаагчдын харилцаа, хандлагын талаар тогтмол хөндлөнгийн байр сууринаас ажилладаг.
-Эрүү шүүлтийн хохирогч болсон иргэдэд төрөөс ямар нөхөн төлбөр олгодог юм бол?
-Яг тогтсон тоо, хэмжээ хэлэхэд хүндрэлтэй. Хэргээсээ хамаараад харилцан адилгүй. Ерөнхийдөө бол эрүү шүүлтийн хохирогчдод нөхөн төлбөр олгох талаар эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн. Хохирогчдод төр нөхөн төлбөр олгохын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэж бусдыг эрүүдэн шүүсэн хүн хохирогчдын хохирлыг нэн тэргүүнд барагдуулах үүрэгтэй. Өнөөгийн практикаас үзэхэд, эрүү шүүлтэд өртсөн хохирогчид иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар асуудлаа шийдвэрлүүлэх хандлага түгээмэл. Энэ тохиолдолд хохирогч нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах, түүнийгээ тайлбарлах, хариуцагч сөрөг тайлбар хийх гэх мэтээр маш их хүндрэл бэрхшээлийг туулж, дахин хохирох явдал анзаарагдаж байна. Тиймээс хохирсон иргэд хүсэлт гаргасан тохиолдолд ХЭҮК хохирогчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах боломжтой юм.
-ХЭҮК-оос хохирогчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байв уу?
-2003 оноос эхлэн холбогдох иргэдийг төлөөлж, 43 удаагийн нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан. Үүний 23 нь хилс хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан хохирол нэхэмжилсэн байна. Нийт 2.6 тэрбум орчим төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилсэн юм. Шүүхээс 18 нэхэмжлэлийн 450 орчим сая төгрөгийг хангаж, дөрвийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эдгээрийн дийлэнх нь материаллаг хохирлыг тооцож олгожээ. Одоогийн хуулиар сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч практик сайн тогтоогүй. Цаашид шүүхээр эрүү шүүлтийн хохирогчоор тогтоогдсон хүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, нөхөн төлбөр олгоход нь дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгайлан авч үзэх шаардлага тулгарч байгаа.
-Эрүүдэн шүүлтэд өртсөн талаар НҮБ- дгомдол гаргах боломжтой юу. Манай улсаас хандаж шийдвэрлүүлсэн тохиолдол бий юү?
-Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улс өөрийн улсын талаар хувь хүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргаснаар хувь хүний гомдлыг Эрүүдэн шүүхийн эсрэг хороо хүлээн авч шийдвэрлэх боломжтой болдог. Монгол Улс одоогоор хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргаагүй байна. Тиймээс манай улсын иргэдийн гомдлыг шууд хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас хандсан тохиолдол байхгүй. Бид Женев хотод болсон чуулганы үеэр Хүний эрхийн дээд комиссарын албаны Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны Хувь хүний гомдол хянан шийдвэрлэх нэгжийн дарга, төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцлоо. Монгол Улс мэдэгдэл гаргасан ч хороо гомдол мэдээллийг хүлээн авахад хэд хэдэн шаардлага тавьдаг юм байна. Тодруулбал, тухайн хэрэг маргааныг өөр олон улсын байгууллага авч хэлэлцээгүй, дотоодын хууль шүүхийн байгууллагын бүх шатанд зохих ёсоор хандаж шийдвэр гарсан байх зэрэг шаардлага хангах ёстой гэнэ.
ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Цагдан хорих байруудад хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх асуудал яригддаг. Өнөөгийн цагдан хорих байгууллагын орчин нөхцөл ямар байна вэ?
-Цагдан хорих байрны орчин нөхцөлийг НҮБ-ын хоригдогсодтой харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн үе шаттайгаар сайжруулах шаардлага байгаа. Эргэлт уулзалт, хоол хүнс, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, орчин нөхцөл, ариун цэврийн байгууламж гээд бүгд стандарттай, үүнд нийцүүлэх ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эм, тариа, эрүүл мэндийн ажилтны орон тоо, төсөв гээд анхаарах асуудал бий. Хэд хэдэн аймаг дахь цагдан хорих байрны орчин нөхцөлийг сайжруулах, шинээр барих шаардлагатай талаар ХЭҮК өмнөх онуудад ШШГЕГ, өнгөрсөн онд Сангийн яаманд хүртэл шаардлага хүргүүлсэн. Ямартай ч хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа болов уу гэж найдаж байна. Цагдан хорих ангийн орчин нөхцөл муу, хүний жам ёсны хэрэгцээг хангах наад захын шаардлагад нийцэхгүй байх нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Цэргийн анги, асрамжийн газар, сэтгэцийн эрүүл мэндийн албадан эмчилгээний газар ч үүнд хамаатай. Ийм орчинд хүнийг эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцаж, нэр төрийг доромжлон шийтгэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд эдгээр газарт урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхэд анхаарч, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг нь сайн бэлтгэдэг.
-Мэдүүлэг авахдаа иргэдийгудаанхугацаандхүлээлгэх, хүссэн мэдүүлгээ гаргуулан авахаар албадах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг юм байна. Бидний анзаардаггүй, эрүү шүүлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ. Үүнийг хэрхэн засах боломжтой бол?
-Мэдүүлэг авах зорилгоор хүнийг албадаж байгаа бол эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Хэрэв ийм явдал хэн нэгэнд тохиолдсон бол холбогдох хууль хяналтын байгууллага, ХЭҮК-т аль болох хурдан хугацаанд хандахыг зөвлөе. Таны хэлж буйгаар удаан хугацаанд хүлээлгэх гэдэг нь эрүү шүүлтийн нэг элемент болох сэтгэл санааг шаналган зовоох хэлбэр байж болно. Эрүүдэн шүүлт ямар ч хэлбэрээр илэрч болно гэж би дээр дурдсан. Гол шинж нь мэдүүлэг тайлбар авах, нотлох баримт цуглуулах, хэрэг хүлээлгэх зорилгоор зүй бус харьцсан, албадсан, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байдаг. Энд хохирол учирсан байхыг шаардахгүй.
-Шүүх, цагдаагийн байгууллагынхан мэдүүлэг авахдаа хохирогчийн эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй. Тухайлбал, нэг өрөөнд олон хүний дэргэд тухайн хохирогчийн хувийн нууцыг дэлгэх, доромжилсон өнгө аясаар хандах зэрэг нь эрүү шүүлтийн хэлбэр мөн үү?
-Ийм тохиолдлыг шалгаж байж эрүү шүүлт мөн, эсэхийг тодорхойлох боломжтой. Бүх зүйлийг эрүү шүүлт гээд байх нь туйлширсан ойлголт болно. Эрүү шүүлт биш ч гэсэн эрүүгийн хэрэг мөрдөн шалгах явцад хүний эрх зөрчсөн ажиллагаанууд гардаг. Энэ тохиолдолд дээд шатны, эсвэл хууль хяналтын байгууллага, шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой. Өнөөг хүртэл өрөө тасалгааны хүрэлцээнээс хамаарч цагдаагийн газар, хэлтсүүдэд хохирогч, эсвэл гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүнийг зэрэгцүүлж суулгаад тайлбар, мэдүүлэг авах тохиолдол гарч байна. Ийм тохиолдолд хувийн нууцтай байх, аюулгүй байдлыг хангах, хүний эрхэм чанарыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн асуудал үүсдэг. Тиймээс ХЭҮК-оос хохирогч төвтэй мөрдөн шалгах аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар тогтмол зөвлөмж өгдөг. Харин хохирогчоос худал мэдүүлэг гаргуулах, бусдыг гүтгүүлэх, албадаж мэдүүлэг авах байдлаар эрх чөлөөнд нь халдах, сэтгэл санааг шалган зовоосон бол эрүү шүүлт тулгах гэмт хэрэг болно. Эрүү шүүлтийн хохирогч нь заавал гэмт хэрэгт сэрдэгдсэн хүн байх албагүй, хохирогч, эсвэл хэн ч байх боломжтой.
-Орон нутагт мэдүүлэг авах тусдаа өрөө бий юү. Мөн хуулийн байгууллагынхны эрүү шүүлт, хүний эрхийн зөрчлийн талаарх мэдлэг, мэдээлэл ямар түвшинд байдаг вэ?
-Мэдүүлэг, уулзалтыг зориулалтын өрөөнд авах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, дүрс бичлэгийг хуулбарлан авах боломжтой байхаар засварлах талаар ЦЕГ-т өнгөрсөн наймдугаар сард комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах удирдамжийн дагуу төв, орон нутгийн цагдаагийн газруудыг комиссоос хянаж, шалгаж байна. Одоо ч үргэлжилж байгаа. Ерөнхийдөө бүх цагдаагийн газар, хэлтэст мэдүүлэг авах, уулзалт хийх, хүүхдээс мэдүүлэг авах зориулалтын өрөөг тохижуулж тоног төхөөрөмжөөр хангажээ. Одоо хорооны хэсгийн байцаагч, орон нутгийн хэсгийн төлөөлөгч нарын өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг бүрэн шийдэх шаардлагатай.
-Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг энэ сарын 20-нд зохион байгуулна. Ямар үр дүн хүлээж буй бол?
-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөний асуудлаар хяналтын сонсгол хийхээр тов гарсан. Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаар комиссоос дүгнэлт гаргаж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт хүргүүллээ. Нэр бүхий иргэдийн гомдлыг ч холбогдох байнгын хороо, сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт хүргүүлсэн. Энэ сонсголоос нэгдүгээрт, эрүү шүүлтийн нөхцөл байдалд бүхэлд нь дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх цогц бодлого гаргахад чиглэсэн арга хэмжээ авах, хоёрдугаарт, хохирогчдын эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, олон жилийн туршид хохирсон гэж бүх шатны байгууллагад өргөдөл гомдол гаргаж яваа хэсэг бүлэг хүний асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, гуравдугаарт, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, үнэлэх тогтолцоо бий болгох, дөрөвдүгээрт, эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцаа гарч болзошгүй бүх газар дахь орчин нөхцөлийг сайжруулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүн гарна гэж найдаж байна.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй байх. Цагдан хорих байгууллагын ажилтнууд хоригдож буй хүмүүстэй ижил нөхцөлд, байнгын камерын хяналтад ажиллаж байна гэж үздэг юм билээ. Энэ тухайд танай байгууллагад гомдол ирж байв уу?
-Эдгээр байгууллагын алба хаагчдын хувьд хөдөлмөрлөх эрхийн тухай асуудал яригдана. Хийсэн ажил, албан үүрэг гүйцэтгэж байгаа орчин нөхцөл, аюулгүй байдлын эрсдэлээс хамаарч тохирсон цалин хөлс, нийгмийн хамгаалал хүртэх ёстой. Алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах үүрэгтэй субъект нь төр. Тиймээс ийм онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, одоо байгаа эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүрэгтэй. ХЭҮК-оос төрийн тусгай алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар дүгнэлт гаргаж, 2023 онд УИХ-д танилцуулсан. Судалгаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, тэтгэлгийн хэмжээ харьцангуй бага байсан. Одоо бол сайжирсан гэж ойлгож байгаа. Нөгөө талаар эдгээр алба хаагч сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд ажилладаг. Энэ нь гэр бүлд нь сөргөөр нөлөөлдөг. Тиймээс алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авах ёстой.