Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиов. Үүний хүрээнд салбарын яамнаас “Хөгжлийн бэрхшээл ба салбар дундын ойлголт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл ажилладаг. Тус зөвлөлөөс хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, чадавхжуулах ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн халамжийн шинэчлэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон салбар дундын зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
2077 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ХАМРАГДДАГГҮЙ
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111 200 хүн амьдарч байна. Үүнээс 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих хөтөлбөр, 18.4 мянган хүн хөнгөлөлтөд хамрагддаг аж. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд сурах боломжгүй 1263 хүүхэд байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хэлсэн. Тэдний олонх нь орон нутагт амьдардаг бөгөөд эдгээр хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх гэнэ. Ташрамд дурдахад, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг сард 325-375, асаргааны тэтгэмжийг 275-302 мянган төгрөг болгон нэмжээ.
ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНД 11.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ
Манай улс өнөө жил дээрх өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриатай тэмдэглэн өнгөрүүлэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр зургаан аймагт олон улсын жишигт нийцсэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж, ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн, Дохионы хэлний, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаагаа албаныхан хэлсэн. Мөн 2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлж буй. Үүнээс гадна живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэгт төсвөөс 11.7 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
ОРЧНЫ СААД, ХҮРТЭЭМЖИЙГ ИЛТГЭХ 60 ГАРУЙ ГЭРЭЛ ЗУРАГ ДЭЛГЭЛЭЭ
Эрхийн өдрөөрөө залуус бүтээлээрээ дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэв. Тодруулбал, “Bluemon” төвийн галерейд “Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд манлайлалд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгээр дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд нийгмийн идэвхтэй гишүүн болохоо харуулж, энэ өдөрт манлайлан оролцжээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд бүрэн дүүрэн оролцуулж чадахгүй байгааг, үүнд орчны саад, хүртээмж тээг болж буйг 60 гаруй гэрэл зургаар илэрхийлсэн нь олны сонирхлыг ихэд татаж байв.