Арванхоёрдугаар сарын 3 буюу өчигдөр орой БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн ч цагийн дараа уг шийдвэрээ цуцалжээ. БНСУ-ын сөрөг хүчин мэдэгдлийн дараа нь яаралтай иргэдээ цуглуулж шөнө жагсаал болж иргэд ихээр цугларсан нь эл шийдвэрт нөлөөлсөн гэнэ.
Түүнийг ийм шийдвэр гаргасны дараа Үндэсний ассамблейн 190 гишүүн шийдвэрийг нь хориглох санал хураалт явуулсан.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сок Ёль "Цэргийн онц байдал зарласан шалтгаан нь төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, чөлөөт ардчиллын дэг журмыг зөрчих гэсэн эсрэг хүчнүүдээс улс орноо аврах арга хэмжээ байсан. Гэхдээ цэргийн дэглэмийг цуцлах Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цэргүүдийг эргүүлэн татаж байна” хэмээсэн байна.
Энэ явдлын дараа Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаагаа сөрөг хүчний Ардчилсан намаас мэдэгджээ.