Долоон бурхан од, даруулт завь, зөвхөн 11.00-12.00 цагийн нарны тусгалд харагддаг зураг гэх мэт Монголын нутгаас өмнө нь олдож байгаагүй олон сонирхолтой хадны зургийг археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллахдаа илрүүлжээ. Тэдний илрүүлсэн хадны зургуудын талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа. Тэрбээр Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас анх илрүүлсэн багийг ахлан ажиллаж байв. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон юм.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас Ил хаант улсын үеийн монголчуудын уламжлалыг харуулсан хадны зургууд илрүүлсэн юм билээ. Судалгааны ажлаа хэзээ эхэлж, үр дүнд нь ямар шинэ нээлтүүд хийсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай баг хадны зургийн судалгааг 2016 оноос хийж эхэлсэн. Хуучнаар Улаанбаатарын их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд дөрөвдүгээр курстээ үйлдвэрлэлийн дадлага хийдэг байсан юм. Тухайн үед оюутан байсан миний гурван шавь Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү нар өөрсдийн нутагтаа үйлдвэрлэлийн дадлага хийе гэдэг санал гаргаад, Өмнөговь, Баянхонгор болон Сүхбаатар аймаг руу явцгаасан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн лиценз эзэмших асуудал ид хөндөгдөж байсан үе л дээ. Ингээд Д.Цэнд, Б.Амгаланбат нарыг Өмнөговийн Гурвантэс сум руу явуулж, Тост, Тосонбумбын нуруунд буй түүх соёлын дурсгалт газруудын бүртгэл, судалгааг хийлгэхээр боллоо. Орон нутгийн дэмжлэгээр тухайн нуруунд археологийн урьдчилсан хайгуул, судалгаа хийж байв. Мөн Булган сумын нутаг дахь Хавцгайтын хадны зургийг ч судалсан.
Үүний дараа нийслэлд ирж, дадлагын ажил болон хайгуулын үр дүнгээ танилцуулахад Хавцгайтын хадны зурагт Монголын эзэнт гүрний үеийн язгууртнууд болох богтаг малгайтай хатад, исэр сандалд суусан ноёд язгууртнууд гэх мэт олон өвөрмөц содон дүрслэл сийлснийг тогтоолоо. Энэ нь манай улсын нутгаас анх удаа эртний монгол язгууртнуудын аж байдлыг харуулсан сийлмэл дүрслэлүүдийг илрүүлсэн тохиолдол. Тэгээд л 2017 онд өмнө нь бидэнтэй холбогдож байсан, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ахтай яриад, тэнд нарийвчилсан судалгаа хийх тухайгаа танилцуулж, газар дээр нь очихоор болсон юм. Бид Х.Түмэндэлгэр ахаас “Хавцгайтын хадны зургийн нарийвчилсан бүртгэл, судалгааг хиймээр байна. Та бидний шатахууны зардлыг шийдээд өгөөч” гэсэн санал тавьсан. Ингээд 2017 оны нэгдүгээр сард газар дээр нь очин, Хавцгайтын хадны зургийг бүртгэж байв. Тэгэхэд нэлээд том ам байлаа. Булган сумын нутагт орших Баруун сайхан уулын хойшоо харсан байршилтай ам л даа. Тэнд маш олон хадны зураг бий. Үүнийг 1960-аад онд ЗХУ-ын археологич А.П.Окладников судалсан юм билээ. Гэхдээ богтаг малгайтай хүний дүрслэлийг тухайн үед олж харж чадаагүй. 2017 оны өвөл гурван шавьтайгаа 10-аад хоног ажиллаад, говьд Монголын эзэнт гүрний үеийн хадны зураг байгааг анх нээсэн. Түүнийгээ бид 2017-2018 онд өгүүлэл болгон хэвлүүлсэн юм. Ерөнхийдөө энэ үеэс л манай багийнханд хадны зургийн судалгаа хийх сонирхол төрсөн гэхэд болно. Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор тэргүүтэй маш олон газрын хадны зургуудыг үзсэн. Хадны зургийн зүй тогтлыг олъё гэх бодол ч тухайн үед төрж байв. Түүнээс хойш өдий хүртэл бид хадны зургийн судалгааг тасралтгүй хийж байна. 2018 онд Өмнөговийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайханы хүсэлтээр Сэврэй уулын урд байрлах Салхитын хадны зургийг судалж, бүртгэсэн. Тухайн үед бид бас л шатахуун болон хоолны мөнгөө шийдүүлээд ажилдаа орж байлаа. Энэ сумын Салхит болон Хадан уул гэх хоёр газрын хадны зургийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
2019 онд Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, лицензүүдийг нь цуцалсан. 2021 онд уг нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулж байв. Тусгай хамгаалалттай газрын захиргааныхан болон Ирвэс хамгаалах сангийнхан бидэнтэй холбогдож “Хамгийн анхны судалгааг та нар хийсэн. Тиймээс Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууны судалгааг хийж өгөөч” гэх санал тавьж байлаа. Ингэснээр 2016 онд хийж байсан Тост, Тосонбумбын нурууны урьдчилсан хайгуулыг өргөжүүлж, тус нурууг бүхэлд нь судлах боломж бүрдсэн юм. Уг судалгааны ажлын төгсгөлд бид Гурвантэс сумын удирдлагуудтай уулзан “Танай сумын Тост, Тосонбумбын нурууны газар нутгийг бүтэн хамарсан археологийн хайгуул хийж, бүх уулын ам, жалга, хад чулуунд буй дурсгалуудыг бүртгэлээ. Нийт 3000 орчим дурсгал байна” гэж танилцууллаа. Засаг дарга Г.Гангамаа гуай тухайн үед судалгааг үргэлжлүүлэн Гурвантэс сумынхаа бүх газар нутгийг хамарсан хайгуул хийлгэмээр байна гэв. Судалгааны зардлыг 2023 оноос аймгийн төсөвтөө ч суулгасан. Бид хавар нь Гурвантэс сумын зүүн талын Хүрэн ханангийн нуруу буюу Баясах багийн нутагт хайгуул хийж, намар нь Гоёот багийн нутгийг бүхэлд нь судалж дууссан. Ерөнхийдөө 2023 он хүртэл гурван удаагийн судалгаагаар Гурвантэс сумын нутагт буй түүх, соёлын ач холбогдол бүхий бүх дурсгалыг бүртгэн баримтжуулсан гэхэд болно. Ингэж судалсаар Хавцгайтын хадны зураг дахь дүрслэлүүдтэй төстэй богтаг малгайтай олон хүн, цуваа морь, гэр, сүйх тэрэг гэх мэт Монголын эзэнт гүрний үеийн агуулгатай хадны зургийг Гурвантэс сумын Баясах багийн нутаг Адаг салхит хэмээх газарт цогцоороо байхад нь илрүүлсэн. Мөн Тост, Тосонбумбын нуруу болон Баясах, Гоёотын багийн нутгаар Монголын эзэнт гүрний үеийн морьтон баатруудын дүрс олон байгааг олж тогтоосноороо онцлогтой. Бид Өмнөговийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн 15 сумын нутаг дахь түүх соёлын дурсгалуудыг баруун талаас нь эхлээд бүртгэн, судалж буй. Одоогоор Гурвантэс, Ноён, Сэврэй сумын хайгуул судалгааг бүрэн хийж дуусгаад байна. Ингэхдээ тухайн сумуудын бүх уулын ам, жалгыг нь самнаснаараа онцлогтой. Энэ судалгаагаа цаашид зүүн тийш үргэлжлүүлэн хийнэ.
-Долоон бурхан од, даруулт завины зураг илрүүлсэн тухай сонссон. Энэ нь ямар холбогдолтой олдвор вэ?
-Говийн хайгуул судалгааны гол онцлог нь эртний булш, оршуулгын дурсгал гэхээс илүүтэй хадан дээр зурсан зураг маш их байдаг. Нийт олдсон дурсгалын 50-60 хувь нь хадны зураг. Гэтэл Хангай, Хэнтийн нуруугаар хадны зураг маш цөөн. Харин говьд эсрэгээрээ булш, оршуулга, тахилын байгууламжаас ч олон хадны зураг бий. Эзэнт гүрний үед хамаарах хадны зургийн доод талд нэгэн уулын оройд шанага долоон одыг алтан гадастай хамт дүрсэлсэн байв. Одон орон судалдаг хүмүүс археологичдоос “Хадан дээр од, гараг эрхэстэй холбоотой зураг байна уу” гэж асуудаг юм. Одон орон судлаач Т.Баяраа гэх маш туршлагатай хүн бий. Тэрбээр “Энд тэнд од, гараг, эрхэстэй холбоотой дүрс, тэмдэг, зураг, зураас байвал заавал надад хэлнэ шүү. Бидэнд Монголоос оновчтой, тодорхой баримт олддоггүй” гэдэг байв. Адаг салхитын амны хөндийд сайр луугаа түрж орсон хошууны оройд, хойш харахад тэнгэр харагдахуйц газарт 3000 гаруй жилийн өмнө шанага долоон одыг, алтан гадастай хамт дүрсэлжээ. Уг зураг хадныхаа өнгөтэй бараг л ижил болчихсон байв. 3000 мянга гаруй жилийн тэртээд од, гараг эрхсийг ажигладаг байсан байршил юм уу гэмээр. Гэтэл Монголын түүхэнд ийм тохиолдол бараг л байхгүй. Мөн түүний дээхнэ талд дарвуулт завь дүрсэлжээ. Дарвуул нь хийсэж доор нь загас харагдаад л. Энэ мэт олон олон сонирхолтой зураг олсон. Бид уулын жалга, ам, хад болгоны дээр ямар нэгэн зүйл байна уу гэдгийг нутгийнхнаас нь асуудаг. Учир нь бүх хадыг нэгбүрчлэн шалгах боломжгүй шүү дээ. Эдгээр олдворыг улсын бүртгэлд бүртгэж, цаашид хамгаалдаг гэхээр хүмүүс дуртай хүлээн авдаг. Ер нь нутгийн иргэдийн туслалцаатайгаар хаана ямар хадан дээр юу байна, тэдгээрийг бүгдийг нь очиж үздэг гэсэн үг. Ингэж судалснаар хүмүүсийн урьд өмнө нь хараагүй, маш сонирхолтой олон зургийг говийн бүсээс илрүүлээд байна.
-Нийт хэдэн дурсгалт газраас хэчнээн хадны зураг олсон бол?
-Гурвантэс сум улсын бүртгэлд 3-4 газарт 10 гаруй дурсгал л бүртгүүлсэн байдаг. Өмнөговь аймгийн хэмжээд 3000 орчим дурсгал улсад бүртгэлтэй. Харин бид зөвхөн Гурвантэс сумаас л гэхэд 7000 гаруй дурсгал илрүүлэн бүртгэсэн. Энэ нь аймгийн бүртгэлийнхээс хоёр дахин их тоо. Тэдгээрээс хамгийн олон буюу 4000 орчим нь хадны зураг байсан юм.
-Нутгийн иргэдийн буруутай үйлдлээс болж эвдэрч, сүйдсэн тохиолдол байв уу?
-Харьцангуй бага гэж хэлнэ. Гэхдээ Монголд олны хөлийн газруудад хүмүүс нэрээ сийлэх, давхарлаж зурах нь элбэг. Харин говийн бүсэд ийм хүндрэл харьцангуй бага байлаа. Цөөн хэдэн тохиолдолд хүмүүс дүрслэлийг нь сэргээх зорилгоор давхарлаж зурсан байсан. Магадгүй алга болчих байх гэсэндээ л тодруулдаг байх. Тиймээс бид хайгуул хийх болгондоо тухайн орон нутгийн хүмүүст тодруулж болохгүйг нь ойлгуулдаг юм. Ер нь хадны зураг харагдахгүй байхдаа бус, хуучнаараа байхдаа л үнэ цэнээ хадгалдаг.
-Өмнөговь аймгийн нутгаас олдсон хадны зурагт голчлон юуг дүрсэлсэн байв. Зурагт агуулж буй дүрс, тэмдэглэгээнүүдийн утга санаа, бэлгэдлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хадны зураг нь тухайн үеийн хүмүүсийн аж байдал, шашин шүтлэг, зан үйлийг илэрхийлдэг. Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс эхэлсэн гэж үздэг. Дүрслэлийн оргил үе нь хүрлийн үе. Үүний дараа төмөр зэвсгийн түрүү үед холбогдох дүр дүрслэлүүдийг олноор зурсан байдаг. Түүнээс хойш бараг тасарчихсан гэж ойлгож болно. Хүннүгийн үед ганц нэг, дундад зууны үед цөөн хэдийг л дүрсэлсэн байдаг юм. Хүмүүс бичиг үсэг тайлагдаагүй байхдаа тухайн үеийн аж байдал төдийгүй хүсэл мөрөөдлөө өдрийн тэмдэглэл шиг хадан дээр дүрсэлдэг байсан гэж судлаачид тайлбарладаг. Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдаж, бичиг үсэгтэй болсноор хадан дээр сийлж зурах нь илт багассан байж болзошгүй гэсэн үг. Тэгэхээр хадны зураг нь бичгийн сурвалжийг орлохуйц чухал ач холбогдолтой. Нийт зургийн 80 орчим хувийг хүрлийн үед зурсан. Харин тодорхой хувийг нь чулуун зэвсгийн үед зуржээ. Үүний дараа төмрийн үед буюу 2500-гаад жилийн өмнө зурж байгаад түүнээс хойш харьцангуй багассан байдаг. Тэгээд л эзэнт гүрний үед говийн хадны зураг дахин гарч ирсэн хэрэг.
Ер нь хадан дээр голчлон 17-18 төрлийн зүйл л зурсан байдаг. Хамгийн их дүрслэгдсэн нь янгир ямаа. Янгир ямаа чулуун зэвсэг, хүрэл, төмрийн түрүү үед ч дүрслэгддэг. Бас эзэнт гүрний үед ч бий. Учир нь энэ амьтан өнөөдрийг хүртэл оршсоор л байна шүү дээ. Үүнээс гадна адуу, үхэр, хонь, аргал, буга, морь унасан хүн, чоно, зээр, хярс үнэг, шувуу олноор дүрсэлдэг. Заримдаа нар, сар, хашаа хороо, тамга тэмдэг ч зурсан байна.
-Хэр хугацааг элээснээс хамаараад хадны зургийн өнгө өөрчлөгддөг гэж сонссон. Нэлээд удсан бол харлаж, хөхөрдөг гэх юм билээ.
-Хадны зургийн өнгө он цагийг нь илэрхийлдэг. Эзэнт гүрний үеийн хадны зургууд хожуу сийлэгдсэнийг маш тод байгаагаас нь мэдэж болно. 3000 жилийн өмнөх буюу хүрэл зэвсгийн үеийнх нь улаан хүрэн туяатай, хадныхтайгаа бараг л ижилхэн болсон байдаг. Гэтэл төмрийн түрүү үеийнх нь жаахан шаргалдуу хүрэн. Харин 600-800 гаруй жилийн өмнөх буюу эзэнт гүрний үеийнх нь харьцангуй шинэ буюу бусдыгаа бодвол нэлээд цайвар, шаргал байдаг юм. Энэ мэтээр нэг хадан дээр хэдэн үеийн зураг байгааг хараад л мэдэх боломжтой. Бүр хүрэнтчихсэн байвал 5-6 мянган жилийн өмнөх байх ч магадлалтай. Мөн өглөөний нар ташихад л харагддаг зургууд гэж бий. Гэтэл зарим нь нарны тусгалаас хамааралгүйгээр хүрэнтээд харагдаж болно. Ер нь цаг хугацааны хувьд наашлах тусам өнгө нь буурдаг гэсэн үг. Судлаачид эхэндээ хадны зургийн он цагийг голдуу дүрслэлийнх нь хэв маягаар тодорхойлдог. Жишээ нь, буган хөшөөний бугатай төстэй дүрслэл байвал хүрлийн үеийнх гэх мэтээр. Гэвч энэ янгирыг болхи зурсан учраас чулуун зэвсгийн үеийнх, сайхан дүрсэлсэн нь хожуу үеийнх гэж ойлгох нь өрөөсгөл. Чулуун зэвсгийн үед ч сайн зурсан байж болно. Хүн бүрийн ур чадвар ялгаатай шүү дээ.
-Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас илрүүлсэн хүмүүсийн шүү дээ. Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон. Луут хотын өнөөгийн байдал ямар байна вэ?
-2020-2022 онд уг хотын зарим хэсэгт археологийн малтлага явуулсан. 2023-2024 онд хотын барилгын үйлдвэрлэлийн газрыг япончуудтай хамтран судалж буй. Одоогоор таван жил судалж буй гэсэн үг. Өнөө жилээс төр засгийн дэмжлэгээр малтлага хийхээр холбогдох албаныхантай уулзаж байгаа. Ерөнхийдөө үүнийг нэлээд өргөн хүрээнд, далайцтай судлахаар зорьсон.
-Түүх соёлын үнэт өвөө хадгалан, хамгаалах чиглэлээр ямар ажил хийж буй бол?
-Луут хотын туурийн орчимд Соёлын яамныхан 2023 онд Соёл, мэдээллийн төв барьсан. Ирсэн хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор энэ төвийг барьж байв. Мөн дотор хэрмийн гадуур хашаа татлаа. Хадгалалт хамгаалалтын тухайд төр засгаас нэлээд анхаарч байгаад талархууштай. Луут хот олон хүний хөлийн газар байрладаг. Орхоны хөндийд уг хотын туурийн эргэн тойронд олон айл бий. Тиймээс тонуулчдаас айх аюул харьцангуй бага.
У.ЦЭЦЭГСҮРЭН