Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн зудын эрсдэлийн зургийг хүйтний улиралд тогтмол танилцуулдаг билээ. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгийн 50 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг тус хүрээлэнгийнхэн гаргасан байна. Үүнээс 30 хувь нь зудын эрсдэл нэн их, 20 нь дунд зэргийн эрсдэлтэй аж. Зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тоо, ирэх сарын цаг агаарын төлөв, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлан дээрх тооцооллыг гаргасан гэнэ.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумын нутагт зуд нүүрлэх эрсдэл хамгийн өндөр аж. Мөн Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн зарим сум зудын эрсдэлтэй бүс нутагт хамрагдаж байна. Энэ өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Тэр дундаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу цас орж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэнэ. Иймд дээр дурдсан аймгуудын малчид өвөл, хаврын бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөжээ.
М.ОЧ