Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн менежментийг нийслэлд шилжүүлээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн менежментийг хэрхэн шинэчлэхээ хотын дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна. Ингэхдээ сайжруулсан гэх түлшний үнийг ирэх оны зургаадугаар сараас нэмэхээр төлөвлөснөө дурдсан аж. “Тавантолгой түлш”-ийн нэг шуудай түлш үйлдвэрлэх өртөг нь 20 800 төгрөг хэдий ч 3750-иар зардаг гэсэн үндэслэлийг тэрбээр дурдсан гэнэ. Түүнчлэн түлш хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд 10 хувиар өссөн атал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж, улмаар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцолсон байна.
Тиймээс сайжруулсан түлшний үнийг нэмж, үйлдвэрлэлийг нь бодит хэрэгцээнд тулгуурлан хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөснөө хотын дарга танилцуулжээ. Үүний тулд үр ашиггүй зардлуудыг нь танах, аудит оруулах, ажилчдыг цомхотгох, түлш түгээх үйл явцыг хянах технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэжээ. Тухайлбал, ирэх оны зургаадугаар сарын 1 гэхэд ажилчдынх нь тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-д танилцуулан шийдвэрлүүлэхээр болсон байна.
М.ОЧ