Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Андреас Рийкен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гурав дах удаагийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон ач холбогдлын талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Бүгд Найрамдах Австри Улсыг дэд бүтэц, технологийн салбараар тэргүүлэх улс гэдгийг онцолж, Монгол Улсын Сангийн яамны зүгээс хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үүднээс дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны баримт бичигт тусгагдсан салбаруудад хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.