Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан юм. Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан шалгахад уг автомашины жолооч Б.Амарсайхан өнгөрсөн сард улсын дугаараа халхлах тоноглол БНХАУ-аас худалдан авч суурилуулан ашиглаж байсныг тогтоожээ. Өдгөө уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн мэдээллээ. Мөн олон нийтийн сүлжээнд бичлэг нь цацагдсан зам, тээврийн ослын хоёр ч хэргийг ТЦА-нд үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Офицеруудын ордноос Чулуун-Овооны тойрог чиглэлийн замд нэг автомашин хэд хэдэн хүнийг мөргөсөн осол энэ сарын 20-ны 19.00 цагийн үед гарч, бичлэг нь цахим сүлжээнд цацагдсан. “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээснийг цагдаагийн байгууллагынхан олж тогтоожээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эл ослыг гаргасан байна. Түүний машинд мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн V хорооны нутаг, Яармагийн “Номин” худалдааны төвийн урд замд өнгөрсөн баасан гаргийн 08.00 цагийн үед хүн автомашинд мөргүүлсэн ослын зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд иргэд тавьсан юм. Уг ослын улмаас нэг иргэн амиа алдсан бөгөөд ТЦА-нд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.