Монголын уран зургийн галерейнхан энэ онд хэрэгжүүлсэн “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийнхөө хүрээнд зураач О.Эрдэнэцогтын “Хараа” уран зургийг дахин бүтээлгэсэн аж. Энэ нь галын улмаас гэмтсэн, улмаар сэргээн засварлах боломжгүйд хүрсэн уран зургийг зураачаар нь дахин зуруулах зорилготой төсөл юм байна. Үүний дагуу зураач О.Эрдэнэцогт дээрх бүтээлээ анхны эх загвараар нь дахин зурж, галерейн сан хөмрөгт хүлээлгэн өгчээ.
“Хараа”-г 1991 онд зурсан бөгөөд төсөөлөл, зүүдний ертөнцийг харуулсан мэт боловч угтаа амьдралын мөн чанар, хүмүүний орчлонгийн учрал хагацал, өрнөл тэмцлийг өгүүлэх гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн аж. “Хараа” бол сэтгэхүйн буюу философийн агуулгатай бүтээл. Анх бүтээх үедээ нэлээд шүүмжлэлд өртсөн ч Уран зургийн галерей сан хөмрөгтөө авч байв. Галерейн сан хөмрөгт миний 10 орчим бүтээл бий. Тэдгээрээс “Хараа” галд өртөж, сэргээх боломжгүйд хүрээд байсныг дахин зурлаа” гэж уран бүтээлч О.Эрдэнэцогт хэллээ. Ташрамд дурдахад, Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг хоёр удаа буюу 2008, 2009 онд галд өртөж байв. Үүний улмаас дүрслэх урлагийн 1000 гаруй бүтээл их болон бага хэмжээгээр гэмтжээ.
М.Оч