Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар одоогоос хорин жилийн өмнө амссан яг тэр мэдрэмжээ тэврээд парламентын хаалгаар дахин орж ирлээ. Хорин жилийн өмнө бизнесийн овсгоогоор ч гэх үү, сонгуулийн өмнөх жилд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга болж байгаад УИХ-ын 2004 оны сонгуульд ялчихсан юм. Тухайн үед МАХН-ынхнаас залхаж гүйцсэн сонгогчид Ардчилсан намаас эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, цовоо цолгин дуутай залуу “мөс зүсээд” л орж ирлээ гэж бодоод саналаа харамлаагүй. Дажгүй сайн ажилласан гэж хэлж болно. Дөрвөн жилд дөрвөн байнгын хороог даргалчихсан юм чинь. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахад дүүргийнхээ нам руу л буцсан. Ингээд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, мөн Төсвийн хяналтын хороог даргалж ажилласан. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн орон тооны зөвлөхөөр ажилласан юм. Улс төрөөс явахыг арай эртэднэ гэж үзсэн тэрбээр АН-аас хөөгдсөн ч ИЗНН-ыг сонгосон байдаг.
Энэ удаа хорин жилийн өмнөх яг тэр мэдрэмжээрээ Б.Батбаатар “МАН ч, АН ч нэр хүнд тааруу байна. Сонгогчид шинэ хүчнийг хүсэж байгаа” гэж тооцоолоод ИЗНН-ын даргаар өнгөрсөн жилээс эхлэн ажиллав. Улмаар тус намын даргын хувиар МАН, АН-аас бусад 35 намд хандан УИХ-ын 2024 оны сонгуульд нэгдэж оролцох санал тавьсан ч бүтээгүй. Ингээд ИЗНН-ын дарга Б.Батбаатар өөрөө жагсаалтаа ахалж, УИХ-д дөрвөн суудал авч чадлаа. Төдөлгүй ИЗНН-ын жагсаалтынхаа “хатан хаан”-ыг олон нийтийн сүлжээн дэх уур амьсгалыг чагнаж байгаад “Цахим худалдааны бизнес эрхэллээ, зүй бус үг хэрэглэлээ” гээд намын даргын хувиар шийтгэх гэсэн чинь өөрөө зад загнуулаад, эцэст нь ямартай ч УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцүүлэн донгодож байж арай гэж “дарж авав”. Намынхаа ганц “таних тэмдэг”-ийг албан тушаалынхаа сүр хүчээр дийлсэн ч тулхтай, туршлагатай парламентч, дунд насны улс төрч эрийн хувьд арай л хэтэрхий аагаа багтаасан хэрэг болсон. Түүний үйлдэлд буруу үгүй боловч төсвийн талаар ч, утаа, түлшний асуудлаар ч сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо гаргахын оронд тэрүүхэндээ нам гүм болчихсон нь АН, ХҮН эрх баригч намтай эвсчхээд байхад “Наратай тэмцэхээс өөр хийх ажил алга уу” гэж бухимдахад хүргэж эхлээд байна. Уг нь сэтгэл зүтгэл байвал дөрвөн хүнтэй нэг намын төлөөлөл жижиг хүч биш шүү дээ. Ир нь гээгдээд эргэн ирсэн ИЗНН-ын дарга Б.Батбаатар ирэх гурван жилд хэрхэн ажиллахаа харуулах л үлдлээ.