Хамтарсан Засгийн газар байгуулагдаад таван сар өнгөрч байна. Олонх болсон МАН-ын зүгээс “Хөгжлийн том төслүүдээ урагшлуулна” гэсэн тайлбартайгаар АН, ХҮН намынханд хамтрах санал тавьж, тэд ч уриалгахан хүлээн авсан. Одоогоор тэдний хамтралаас тоймтой үр дүн гараагүй л байна. Ирэх оны улсын төсөв боловсруулж, хэлэлцүүлэхээс эхлээд л Засгийн газар хөгөө чирч, зарим сайд нь нийгмийн зүгээс огцруулах шаардлага хүлээж аваад эхэлсэн юм. Улсын төсвийг алдагдалгүй, үр ашигтай боловсруулах талаар Ерөнхийлөгчөөс заавар авч байж заслаа. Дараа нь Улаанбаатарын утаатай хэрхэн тэмцэхээ ч Төрийн тэргүүнээр заалгав.
Татан буулгасан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах үүргийг тэрбээр Засгийн газарт өгч, гишүүдийг нь загнаад авсан. Үүний дараа Засгийн газар ээлжит хуралдаанаараа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь батлав. Дээрээсээ чиглүүлж, дэргэдээсээ чичлүүлэхгүй л бол үндсэн ажил нь нэлээд хойрго байгаад буй нь энэ. Гэтэл үүний араар зарим нэг ажлыг нэлээд шуурхай хийгээд байгаа сурагтай. 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан илүү санаа тавиад байх шиг. Үүнд нь саад болох сөрөг хүчнийхнийг өөртөө нэгтгэх, өөчлөн холдуулахаас эхлээд арга тактик ашиглаж эхэлжээ.
Уусгасан нь
2025 оны төсвийн хэлэлцүүлгийг УИХ хоёр удаа эхнээс нь хийж, хоёронтоо батлах үйл явцын турш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн чуулганд харагдаагүй. Эхнийх дээр нь чөлөөтэй гэсэн шалтгаан хэлсэн бол төсвийг дахин хэлэлцэх үед гадаадад томилолттой байсан билээ. Гэхдээ тэр бүх ажлаа зайнаас удирдсаар буй бололтой. Ялангуяа намын даргын хувиар ажлаа гайгүй сайн хийж байх шиг. Тэд 2016, 2020 оны сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, шат шатанд төрийн эрх барьсан. Тэгвэл 2024 онд үнэмлэхүй гэдэг “суудал”-аас уруудна гэдгээ ч мэдэж, дараа дараагийн алхмуудаа гайгүй сайн тооцжээ.
Хэдийгээр УИХ-д 68 суудал авсан ч хамтарсан Засгийн газар байгуулснаас энэ бүхэн эхэлнэ. Парламентын сонгуулиар нийт сонгогчийн 65 хувь нь МАН-аас бусад намд буюу сөрөг хүчинд саналаа өгсөн юм. Эдгээрээс АН-д нийт сонгогчийн 30 хувь нь итгэл үзүүлж, парламентад 42 төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчин болгосон. Өмнөх шигээ сөрөг хүчин нэртэй арваадхан хүн биш, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлд 58 суудал очиж, МАН-ын эсрэг том баг бүрдэн, 126 гишүүний 46 хувийг эзэлжээ. Энэ бол сүүлийн найман жилд гараагүй өндөр үзүүлэлт. Ийм нөхцөлд МАН дангаар Засгийн газраа бүрдүүлбэл хүчгүйдэх эрсдэлтэй байлаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан хоёр намыг эгнээндээ элсүүлж, хамтрах нь тэр. Олон жил гудамжинд лааз өшиглөж, эрх мэдлээр цангасан АН-ын удирдлагууд МАН-ыг солих тухай сонгуулиар тавьж байсан шаардлагаа найман сайдын суудлаар арилжив. ХҮН намынхан ч олдсон боломжоо ашиглахыг илүүд үзсэн. Ингээд ИЗНН, Үндэсний эвслийн найман гишүүн л сөрөг хүчний байр суурин дээр тунаж үлдэв. Ингэж иргэдийн хийсэн сонголтыг МАН-ын хүслээр өөрчилж орхижээ. Парламентад одоо сөрөг хүчин 6.3 хувийг л эзэлнэ. Тэд юу ч хийж чадахгүй. Өмнөх хоёр парламентад АН-ынхан 9-11 гишүүнтэй “нойрмоглож” суусан цаг үе л давтагдаж байна.
Ингээд сөрөг хүчний хоёр намыг уусгаж авснаар Л.Оюун-Эрдэнэ хүссэн бүхнээ зүтгүүлэх боломж бүрдсэн юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн анхны хувилбар бол үүний баталгаа. Хамтарчихсан, нэг бодлого, төлөвлөгөөтэй болсон учраас АН-ынхан, Засгийн газрын эсрэг юу ч дуугарч чадахаа байсан. Үргүй зардал ихтэй төсвийн талаар тус намын ганц хоёр гишүүн л дуугарч, шүүмжилснээс хэтэрсэнгүй. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл бол дараах жишээ нь. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуульд намууд дүрэм, хөтөлбөр, дотоод бүтэц, зохион байгуулалтаа нийцүүлэх хугацааг Засгийн газар 2027 оны наймдугаар сарын 1 болгож сунгах төсөл оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл Засгийн газарт хамтарсан намуудад ямар ч хөдөлгөөн, өөрчлөлт хийхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай байх нь мэдээж. Л.Гантөмөр ч албан тушаалаа аль болох удаан хадгалахыг эрмэлзэнэ. Харин үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өөрийн толгойгоор шийдэж, эсэргүүцсэн. “Ийм урт хугацаагаар сунгах шаардлагагүй, үнэхээр хуульд нийцсэн өөрчлөлт хийж амжихгүй байгаа бол нэг жилээр л сунга” гэж байв. Харин намын дарга, сайд гишүүд нь юу ч дуугарсангүй. Тэдэнд “даргыгаа” сөрөх эрх үгүй болсон. Үндэсний эвслийнхэн ч УИХ дахь АН-ын бүлгийнхэнтэй ижил байр суурьтай байлаа. Шүүмжлэлд өртөж, зорилго нь илчлэгдсэн учраас дээрх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 болгон өөрчлөөд УИХ-аас баталсан юм. Л.Гантөмөр Тэргүүн, Т.Доржханд Шадар сайдын албан тушаалаар “дөнгөлүүлсэн” учир сөрж дуугарах биш, дагуулж хамгаалах л үүрэгтэй болчхоод байна.
Уг нь сөрөг хүчин бодлогын оновчтой хувилбарыг санал болгож, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, бурууг нь залруулах, төрийн үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангаж ажиллах дуу хоолой болох учиртай. Гэвч АН, ХҮН намынхан сөрөг хүчний тооноос хасагдаж, эрх баригчдын нэг хэсэг болсон. Сөрөг хүчнийг орлож үлдсэн найман хүний дотор Н.Номтойбаяраас өөр тоймтой дуугарах гишүүн үнэндээ алга.
Дэглэсэн нь
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өмнөх УИХ төгсгөлийн чуулганаараа баталсан юм. Үүнийг хэлэлцэж эхлэх явцад тухайн үед сөрөг хүчин байсан АН-ынхан эсэргүүцэж “Үг хэлэх эрхийг хэтэрхий хасаж, боомилсон байна” гэсэн. Нэгдсэн чуулганд үг хэлэх эрхийг нам, эвслийн парламентад авсан тооноос хамаарч тогтоохоор болсон юм. Ингэснээр цөөнхөд ногдох цаг буурав. УИХ-д бүлэгтэй бол байдал арай өөр. Гэтэл ИЗНН, Үндэсний эвсэлд бүлэг байхгүй. Нийт ард түмний элч нарын иргэдээ төлөөлж, тэдний өмнөөс үг хэлэх эрхийг ийнхүү өмнөх УИХ-ын үед л хязгаарлаж, “бэлджээ”. Бүлэггүй байтугай Засгийн газарт хамтарсан АН-ын зарим гишүүнд хүртэл нэгдсэн чуулганд үг хэлэх боломж олдохгүй тохиолдол гарч байгаа аж. Нэгэн залуу гишүүн үүнд гомдоллож “Төсвийн асуудлаар гишүүд дуугарсангүй гээд байгаагийн нэг шалтгаан нь энэ шүү” гэсэн нь нэгийг хэлнэ. Олон улсад сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактикийн нэгийг УИХ дахь бүлэг байгуулах босго хэмээн үздэг аж. Энэ талаар “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэг “Манайх УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар олон улсад байхгүй зүйлийг хуульчилж, үг хэлэх эрхийг хязгаарласан. Мөн зарчмын зөрүүтэй санал хэлэх бол байнгын хороонд урьдчилж мэдэгдэнэ гэсэн. Гэтэл хурал хэзээ болох нь тодорхойгүй байж байснаа гэнэт зарладаг. Бидний дуу хоолойг хорьсон дэг болчихжээ гэж УИХ-ын гишүүд ярьж байна” гэсэн байна лээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх Хөгжлийн банкны хэргийг хянаад, дахин гурван гишүүнийг шалгахаар боллоо. АН-ын Н.Алтанхуяг, ХҮН намын Б.Найдалаа нар Хөгжлийн банктай холбоотой асуудлаар дахин шалгуулах нь. Харин АН-ын Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нөхцөл үүсээд буй. Энэ бүхнийг улс төрийн зорилготой, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн Н.Алтанхуяг гишүүн шулуухан мэдэгдэв. Тэрбээр “Өмнөх хоёр шатны шүүхээс цагаатгасан хэргийг дахин сэргээж буй нь намайг дарамталж байгаа хэлбэр. Хөгжлийн банкны асуудлаар гурван жил шалгуулсан. Одоо дахин ийм хугацаа авах гэж байгаа бололтой. Ингэж буй бол харин ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье гэж бодож байна” гэсэн билээ. Хамтарсан нэрийн араар АН-ынхныхаа “хутгалж”, өрсөлдөж болохуйц хүмүүсийг замаасаа зайлуулах тактик ч байж мэдэх нь. Үнэхээр гэм буруутай бол шалгаад тогтооно. Гэхдээ гэмтнүүд дандаа эсрэг намаас “тодроод” байдаг нь сонирхолтой.
МАН-ын даргын “арын ажил” энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглээд байгаа нь тодорхой болов. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал намуудад хөдөлгөөн хийлгэхгүй, АН-аас нэр дэвшиж мэдэх хүмүүсийг замаасаа зайлуулна, сөрөг хүчний хувь ногдох хэн бүхнийг үг хэлэх эрхээр нь бооно гэх зэргээр энэ “ажил” үргэлжилж байна. Гурван жилийн дараа болох сонгуульд эртнээс анхаарч, бэлдээд байгаа нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойгоод байгаа юм биш үү гэсэн хардлага төрүүлж буй юм. Үүнээс өмнө замаа цэвэрлэнэ, саад хийх хэнийг ч зайлуулна л гээд буй бололтой.