“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан тухайн жилийнхээ үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлд үндэслэн, цэвэр ашгийн дүнг тооцсоны дагуу зохих хувийг холбогдох хуулийн хүрээнд иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилж ирсэн. 2023 оны цэвэр ашгаасаа тэд хувьцааны ногдол болгон иргэдэд 256 000 төгрөгийг УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард олгосон билээ. Тэгвэл 2024 он дуусаагүй байхад буюу өнгөрсөн баасан гаргаас эхлэн иргэдийн дансанд хувьцааны ногдол ашгийн 1/3 болох 121 500 (татварын дараах) төгрөгийг дахиад шилжүүлж эхэлсэнд олон нийт гайхан хүлээн авав. Дээр хэлсэнчлэн компанийн үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээг хийсний дараа уг асуудлыг ТУЗ-өөр хэлэлцэж, хамгийн сүүлд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсний дараа иргэд хувьцааны ногдол ашгаа сая нэг хүртэх эрхтэй болдог юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өмнөх оныхоо ногдол ашгийг дараа жилд нь тараахад багадаа дөрвөн сар зарцуулж байсан гэсэн үг. Гэтэл Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар эл асуудлыг гэнэт хэлэлцээд, удалгүй иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг нь орж эхэлсэн байна.
Иргэд хувьцааны ногдол ашиг хэдэнтээ хүртэж байсны хувьд энэ үйл явц хэрхэн өрнөдгийг, хэчнээн удаж тараагддагийг гадарлана. Тиймдээ ч нийгмийн сүлжээнд үүнтэй холбоотой шүүмжлэл газар авсаар буй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийг хоёр удаа хэлэлцэхэд байгаагүй. Ерөнхийлөгчийг шуурхай хуралд дуудахад ч ирээгүй. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад тэрбээр “хүндэтгэх шалтгаантай” л байв. Олон нийт ч үүнд маш их бухимдсан, “Иргэд угаартахаас өөр хүндэтгэх шалтгаан Ерөнхий сайдад байх ёсгүй” гэж хатуу шүүмжилсэн. Нэмээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтарсан засгийг “найрааны” гэж цоллон, ямар нэгэн улс төр явуулж байж болзошгүй нөхцөл байдал цухуйлгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ийнхүү түргэн авхуулсан гэж хардах хүн олон. Гэхдээ улс төрөөс илүү бидний өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа утаа, түгжрэл гамшиг болчихсон, эмнэлгийн хүрэлцээ, цахилгаан хангамжийн дутагдалд орчихсон энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг юу ч болоогүй мэт ингээд хугацаанаас нь өмнө тараагаад суух санхүүгийн чадамжтай улс мөн бил үү, манайх.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд” гэж гоёор тайлбарлана лээ. Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, хөтлөх, сангаас зарцуулалт хийх эрхийг нь заасан. Үүний дагуу журмын төслийг хэлэлцэж, баталлаа. Мөн алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдал (2024.12.20)-аар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллачхаад байна. Тиймээс хувьцаа эзэмшигч иргэн бүрд дунджаар 350 орчим мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хуваан олгох нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжид Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно. Түүнчлэн Улаанбаатарын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тул үүнийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг (дунд түвшин)-т шилжүүллээ. Эл хугацаанд бүх шатны байгууллагынхан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон” гэсэн юм.
М.Гэгээ