Улирлын томуунаас үүдэлтэйгээр нийслэлийн хэмжээний эмнэлгүүд 2-3 дахин ачаалалтай ажиллаж, ор нэмж дэлгээд ч хүүхдүүдээ багтааж хүчрэхгүй байгаа билээ. Тэгвэл ЭМЯ-наас ачаалал хэт ихтэй зарим дүүргийн эмнэлгийн амбулаторийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдээс зохицуулж эхэлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдүүд хонгил, шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа тул 35 ор нэмж дэлгэн, 11, 12 дугаар хорооны харьяалалтай өвчтөнүүдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор тус төвд дотоод зохион байгуулалт хийж, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалин, урамшууллыг давхар шийджээ. Түүнчлэн Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй, Баянголын 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийг дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн IV хорооныхныг “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хуваарилах арга хэмжээг авчээ. Үүний хүрээнд тус эмнэлэгт 100 ор нэмж дэлгэн, эмч нарын баг ажиллуулж эхэлсэн аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд ханиад, томуу 2.6 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн мөн үетэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа юм.
О.Ундрах