Үнэн ба зөв намын дарга, үүсгэн байгуулагч А.Отгонбаатарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл оноожээ. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 16-ны 10.30 цагийн үед Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр халдсан билээ. Тухайн үед А.Отгонбаатар “Багш нарын цалинг нэм, 45 хоногийн курсэд суусан багшийг ажлаас нь хал” хэмээн уурсаж, П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барьцалдаж авсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан байдаг. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс А.Отгонбаатарын энэ үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгасан юм. Түүнд холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын эхээр шүүхээр шийдвэрлэх болсон ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс буцаасан. Харин энэ удаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.1, 5.2-1.2, 5.2-1.3, 5.2-1.4 дэх хэсгийн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн албадан сургалтад хамруулж долоо хоног баривчлах шийтгэл оноосон байна. Улмаар шүүхийн шийтгэврийн дагуу ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд хүргэж, шийтгэлийг нь эдлүүлж эхэлжээ.