Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг CU-гийн салбар дэлгүүрт энэ сарын 21-ний үдэш гэмт этгээд халдаж, эд зүйл дээрэмдсэн хэрэг гарав. Уг хэргийг өдүүлсэн цагаан хүрэмтэй залуугийн бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан юм. Цагдаагийн байгууллагад “18 орчим насны, цагаан курткатай хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө дээрэмдлээ” гэсэн дуудлага, мэдээллийг “Премиум нексус” компанийнхнаас ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээдийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт 2022 оны гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэнд цахилгаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан нэгэн аж.