Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын аварга шалгаруулах дээд лигийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Футзалын сонирхогчдын цомын тэмцээн өндөрлөж, шигшээ шатанд шалгарсан “Эрчим”, “Ирвэсүүд” клубийн тоглогчид лигт нэгдсэнээр өрсөлдөх 10 багийн нэр тодорсон. Футзалын I лигт оролцож буй багууд энэ удаа 1.5 тойргийн систем буюу нэг тойргийн дараагаар хүснэгтийн эхний дөрөв болон удаах дөрвөн байрт шалгарсан нь хоорондоо тойрч тоглох нь.
Дээд лигийн тэмцээн “Баварианс”, “Эрчим” багийнхны өрсөлдөөнөөр энэ сарын 20-нд эхэлсэн бол “Ирвэсүүд”, “Ховд Вестерн”, “Хараацай”, “Сор” клубийнхний тоглолтоор үргэлжилж буй. Тэгвэл “Шонхор”, “Шонхрууд”, “Майнерс”, “Шинэ Налайх” багийнхны тоглолт өнөөдөр өрнөнө. Одоогоор “Эрчим” багийнхан “Баварианс”-ынхныг 7:5, “Ирвэсүүд” клубийнхэн “Ховд Вестерн”-ий тоглогчдыг 3:1-ээр хожоод байна.