МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессор, доктор Б.Нямдаваатай ярилцлаа. Хөрсний элэгдлийн талаарх эрдэм шинжилгээний ажлаараа докторын зэрэг хамгаалсан тэрбээр энэ чиглэлээр үндэсний хэмжээний судалгаа хийх цаг болсныг онцоллоо.
-“Монгол орны хөрс судлал-2024” эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар та ажилласан шүү дээ. Энэ удаагийн хурлын онцлог юу байв?
-Дэлхийн хөрсний өдөр арванхоёрдугаар сарын 5-нд тохиодог. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Монгол орны хөрс хамгаалал, хөрсний тогтвортой менежмент” сэдвээр зохион байгууллаа. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд баталснаас хойш шинэчлээгүй нэлээд удлаа л даа. Тиймээс энэхүү хуулийг шинэчлэхээр судлаачид ажиллаж байна. Иймд Монгол орныхоо хөрсний өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай болсон. Хоёрдугаарт, хөрсөө хамгаалах, доройтсон хэсгийг нөхөн сэргээхийн тулд тогтвортой менежмент хэрэгтэй болно. Нөгөөтээгүүр, бидэнд тулгамдаад буй олон асуудал бий. Жишээлбэл, улсын хэмжээнд жилд дунджаар тариалангийн хэчнээн га талбай доройтсон талаарх ерөнхий мэдээлэл байдаг. Гэсэн ч нэгж талбай бүрд хийсэн нарийвчилсан судалгаа алга. Тиймээс тулгамдсан асуудал болон түүний шийдлийн тухай энэ удаагийн хурлаар хэлэлцэх зорилго тавьсан юм.
Үндсэн илтгэлүүдийн эхний хэсэгт хөрс судлалын хүний нөөцийн асуудлыг хөндсөн. Хүний нөөц дутагдалтайн зэрэгцээ энэ талын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль ч манай улсад тун ховор. Жишээлбэл, МУИС-д хөрс судлалын мэргэжилтнийг 2014 оноос хойш бэлтгээгүй. ХААИС-д хөрс судлаач бэлтгэдэг боловч энэ чиглэлийг сонгон суралцдаг оюутан тун цөөн. Ихэнх нь сургуулиа төгссөний дараа газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна л даа. Монгол орон нь 1.5 сая ам км талбайтай. Ийм томоохон талбайтай атлаа хөрсөө хамгаалах, нөхөн сэргээх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх мэргэжилтний хомсдолд орчхоод байна гэсэн үг.
Түүнчлэн хөрс судлал нь олон салбарыг хамардаг. Үүний нэгээхэн хэсэг болох газар тариалангийн салбарт ашиглаж буй хөрсний төлөв байдлыг судлах шаардлага хэдийн үүссэн. Газар тариалангийн зориулалтаар олон жил ашиглахаар хөрсний үржил шим буурч, нөөц нь багасдагийг олон улсын судалгаанд дурдсан байдаг. Гэтэл манай улс өнгөрсөн хугацаанд хөрснийхөө хэр хэмжээний нөөцийг алдсан, цаашдаа хамгаалж чадах уу гэдэг нь тодорхойгүй. Энэ чиглэлээр ХХААХҮЯ-ныхан судалгаа хийдэг. Гэсэн ч хаана хаана хөрсний үржил шим буурсныг нэгдсэн байдлаар тогтоогоогүй. Ерөөсөө хөрсний судалгаа нь ангилал, зураглал, төлөв байдал зэргээр л хязгаарлагдаж байна.
Түүнчлэн хөрстэй холбоотой бүхий л салбар хангалттай хэмжээнд хөгжөөгүй. Хөрс судлалын салбар манай улсад үүсээд 100 орчим жил боллоо. Үүний нэг хэсэг нь микробиологийн салбар. Энэ салбарыг сайтар хөгжүүлж чадвал нийгэм, экологи, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Хөрстэй холбогдох дараагийн салбар нь хүрээлэн буй орчин юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүрээлэн буй орчны асуудал хариуцсан мэргэжилтэн бий. Хөрсний бохирдол, доройтлын талаарх асуудлыг тэд хариуцна гэсэн үг. Энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Батчулуун танилцууллаа. Улаанбаатар хотод 300-500 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд олон төрлийн хүнд металл илрүүлсэн талаар тэрбээр дурдсан. Тэрхүү хүнд элементүүд нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болохуйц түвшинд хүрчээ. Ийм байхад хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж буй талаарх цогц судалгааны ажил манайд алга.
-Үндэсний хэмжээний судалгааны ажлууд үгүйлэгдэж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Хөрсний судалгаа хийхэд багагүй хугацаа зарцуулдаг л даа. Уг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС зэрэг байгууллагынхан тус бүрдээ маш их хэмжээний мэдээлэл цуглуулдаг. Гэтэл хөрсний талаарх их хэмжээний өгөгдлийг боловсруулж, үндэсний хэмжээний судалгааны ажил хийсэнгүй. Хөрс судлалын салбарт маш их хэмжээний судалгааны өгөгдөл бий. Гэвч тэдгээр мэдээлэл нь тархай бутархай, өөр өөр байгууллага, судлаачдад байна. Өөрөөр хэлбэл, байгууллагууд судалгааныхаа мэдээллийг нэг нэгэндээ төдийлөн хуваалцдаггүй гэсэн үг. Тиймээс мэдээллүүдээ нэгдсэн системд оруулаад, хөрсний бохирдол хаана хамгийн их байгааг нэн тэргүүнд тодорхойлох шаардлагатай. Уг нь энэ мэт мэдээллийг нэгтгэж, шийдвэр гаргах түвшинд ашиглавал бодлогын хэрэгжилт нь ч үр дүнтэй болно. Гэвч төрийн байгууллагууд, бас судлаачид нь ч мэдээллээ солилцдоггүйгээс хаана асуудал байгааг ч тодруулж чаддаггүй. Усны газар, Ойн газар гэдэг шиг хөрсийг ч бодлогын түвшинд тусгайлан анхаарах байгууллага хэрэгтэй болж байна. Эдгээр асуудлыг багтаасан зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр судлаачид ажиллаж буй.
-Уг нь манайд хөрс хамгаалах, бохирдохоос сэргийлэх гэх мэтээр бодлогын баримт бичиг хангалттай бий байх аа?
-Монгол орны хөрсний бохирдлыг хянадаг, 2019 онд шинэчилсэн ганцхан стандарт бий. Энэхүү стандартад металлын гаралтай хөрсний бохирдлыг л тусгасан байдаг. Гэтэл металл бус, нефтийн, биологийн гаралтай бохирдол үүсгэгч олон бий. Тэгэхээр стандарт нь цаг үеэсээ хоцорчхож байна л даа. Өөрөөр хэлбэл, бохирдлын ийм олон төрөл байхад бид хянаж чаддаггүй гэсэн үг. Тиймээс хөрсний бохирдлын талаарх стандартаа боловсронгуй болгож, нөхөн сэргээлгэх шаардлагыг холбогдох байгууллагад нь тавих зохицуулалт хэрэгтэй. Түүнээс биш танай үйл ажиллагаа явуулж буй газарт ийм хэмжээний бохирдол үүссэн байна гэж мэдээлээд өнгөрөх ёсгүй юм. Үүнийг эрх зүйн орчинд тусгах шаардлагатай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаар байрт жагсаж байж хөрс судлалдаа анхаарал хандуулалгүй өдий хүрлээ. Хөрсийг шороо гэдэг өнцгөөс нь л хараад байдаг. Гэтэл хөрс бол бидний анхаарлаа хандуулах нэн тэргүүний салбар шүү дээ.
-Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын хуралд та оролцоод ирсэн юм байна. Олон улсын хувьд голчлон ямар асуудлуудыг хөндсөн бэ?
-Тайландын Бангкок хотод НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, тус улсын Хөдөө аж ахуйн яам хамтраад хөрс болон усны талаарх олон улсын форумыг энэ сарын 9-11-нд зохион байгууллаа. Бусад улс орон хөрсийг судлах, хамгаалах чиглэлд нэлээд ахиц гаргаж байгааг энэхүү форумаас харлаа. Олон улсад эрчимтэй хэрэгжүүлж буй ажлуудаас Монгол нэлээд хоцорчээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хөрсний хамтын ажиллагааны байгууллага байгуулсан. Энэ байгууллагын салбар тив бүрд бий. Ингэхдээ хөрс хамгаалахад шаардлагатай бүхий л мэдээллийг хүртээмжтэйгээр ашиглах боломж бүрдүүлсэн систем бий болгосон юм билээ. Хээрээс дээж аваад шинжлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг. Олон улсын хамт ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд эрдэмтэд идэвхтэй оролцвол олон боломж нээгддэг. Жишээлбэл, төрөөс шинжлэх ухааны салбарын судалгаанд төдийлөн хөрөнгө зарцуулдаггүй. Тиймээс олон улсын байгууллагын үйл ажиллагаанд судлаачид маань идэвхтэй оролцвол санхүүжилт олох боломжтой.
-Хөрсөө хамгаалахын тулд манай улс хамгийн түрүүнд ямар ажил хийх нь зүйтэй вэ?
-Хөрсний доройтлыг нарийвчлан тогтоохын тулд хэлбэр бүрээр нь нэгбүрчлэн зураглах хэрэгтэй. Улсын хэмжээнд бүхэлдээ хүнд металлын бохирдолтой болчхоогүй шүү дээ. Суурьшлын бүсэд энэ төрлийн бохирдол голлож байна. Харин бэлчээрийн талбайд бол хөрс нь физикийн нягтралд орчихсон. Газар тариалангийн хувьд хагалсантай холбоотой доройтол гэж бий. Эдгээрт дүн шинжилгээ хийхийн тулд яам, агентлагуудад байгаа мэдээллүүдийг нэгтгэх шаардлагатай. Хиймэл оюун ухаан ашиглах замаар өгөгдлөө боловсруулах боломж техник, технологийн дэвшилтэт өнөө үед бүрэн байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй эдгээрийг холбоод үзэхэд, эхлээд хөрсний доройтлоо тодорхойлсон бол үр дүн нь өндөр гарна. Доройтол хамгийн их байгаа хэсэгт гол анхаарлаа төвлөрүүлж, ажлаа тэндээс эхлэх нь чухал.
-Дорвитой судалгаагүй атлаа Монгол орны цөлжилтийн нөхцөл байдлыг тогтоодог талаар та ярилцлагын эхэнд дурдсан. Яагаад ингэж дүгнэх болов?
-Цаг уурын байгууллагынхны гаргасан цөлжилтийн зураглалуудад зарим алдаа байгааг хөрс судлаач нар ярьдаг л даа. Цөлжилтийн нөхцөл байдлыг тооцохдоо хөрстэй холбоотой маш цөөн өгөгдлийг ашигласан байгаа юм. Уг нь үндэсний хэмжээний ажил тул багадаа 10 000 цэгээс дээж авч, судлах хэрэгтэй. Эсвэл нийт нутаг дэвсгэрээ тэнцүү хэсэгт хуваагаад, судалгааны цэгээ тооцож болно. Тооцоололдоо хөрсний мэдээлэл оруулаагүйгээс цөлжилтийн талаарх зарим үр дүн алдаатай буюу худлаа гарсан байх магадлалтай. Цөлжилтийг тодорхойлоход хур тунадас, хөрс, ургамал зэрэг олон хүчин зүйлд тулгуурладаг. Эдгээрээс нэг мэдээллийг л буруу оруулахад зөв үр дүн гаргаж чадахгүй. Загвар гэдэг бол мэдээллүүдийг нэгтгэж, үр дүнг гаргах арга л даа. Үүнийг олон улсад түгээмэл ашигладаг. Энэ аргыг ашиглахын тулд суурь өгөгдлүүд нь үнэн бодит байх ёстой. Монгол Улсын хэмжээнд гэчхээд 50-100 цэгт л хэмжилт хийж болохгүй. Гэтэл дээр дурдсан, хөрсний судалгаа явуулж буй байгууллагуудад 20-30 мянган цэгийн хэмжилтийн мэдээлэл байна. Тэдгээрийг нэгтгээд ашиглавал цөлжилтийн нөхцөл байдлыг оновчтой тодорхойлж болно. Нэмж хэлэхэд, газрын доройтлын нэг хэлбэр болох физик үйл явц буюу цөлжилтийг тооцоход олон жилийн хугацааны өөрчлөлт, давтамжийг анхаарах нь чухал. Жишээ нь, 2000 онд цөлжилт ямар байснаа энэ жил хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхой орон зайн байршил болон аль хугацаанд өөрчлөлт хамгийн хүчтэй явагдсантай харьцуулан дүн шинжилгээ хийдэг. Ингэснээр цөлжилтийг бууруулах оновчтой арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
-Та өдгөө ямар судалгаанд төвлөрөн ажиллаж байгаа бол?
-2022-2023 оны хооронд БНСУ-ын Канвоны үндэсний их сургуульд нэг жилийн хугацаанд докторын дараах судалгааны ажил хийлээ. Монгол орны газрын доройтлын хамгийн өргөн талбайг хамарсан хөрс усаар элэгдэх үйл явцыг тооцоолсон. Ингэхдээ хиймэл оюун ухааны сургалтын аргуудыг ашиглан үндэсний хэмжээний хур тунадасны хөрс элэгдүүлэх чадавхыг бодитоор тооцоолж чадлаа. Хөрсний усаар элэгдэх үйл явцыг тодорхойлоход хур тунадасны элэгдүүлэх хүч нь загварчлалын хамгийн чухал суурь өгөгдөл болдог. Монгол оронд сүүлийн 20 жилийн хугацаанд буусан хур тунадасны 30 минут тутмын өгөгдөлд тооцоолол хийсэн. Улсын хэмжээнд жилд дунджаар 250 мм хур тунадас буудаг. Бүс нутгаас хамааран хөрс элэгдүүлэх хүчтэй хур тунадас 70-210 удаа орсныг тодорхойлсон. Ийм хэлбэрээр цөлжилт болон газрын доройтлын аливаа хэлбэрийг үндэсний хэмжээнд тооцоолоход хамгийн алдаа багатай өгөгдлийг ашиглавал үр дүн үнэмшилтэй, бодитой болно. Үүнтэй адил цөлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлохдоо улсын хэмжээнд жигд тархсан, хөрсний хангалттай олон цэгийн мэдээллийг үндэслэх шаардлагатай.
-“Хээрийн хөрсний шинж чанарт үзүүлэх түймрийн нөлөөлөл” сэдвээр та судалгаа хийж байсан юм билээ. Судалгаандаа аль бүс нутгийг хамруулсан бэ?
-БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийнхантай хамтраад Монгол орны хээрийн түймрийн талаарх судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Уг судалгааны төсөлд хөрс судлаачийн хувиар түймэр нь хөрсөнд ямар нөлөө үзүүлж байгааг судалсан. Хиймэл дагуулын сүүлийн 20 жилийн мэдээллийг харахад түймрийн голомт голчлон зүүн бүс нутагт байна. Түймэр гарлаа гэхэд хөрсний дээд гадаргад ойролцоогоор 300-400 хэмд хүрч халдаг. Үүний нөлөөгөөр хөрсний өнгөн хэсгийн бичил организм тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Бидний судалгаагаар Монгол оронд гарсан түймэр нь хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөллөөр бага болохыг тогтоосон. Түймэр гарсны дараа жилд нь л хур тунадасны нөлөөгөөр ургамал хэвийн байдалдаа эргээд ордог. Судалгааныхаа хүрээнд 4-5 удаа түймэр гарсан талбайд хэмжилт хийхэд хөрсний үржил шим нь буураагүй байв. Эндээс судалгааны үр дүнд хээрийн түймэр бол Монгол орны хувьд байгалийн гамшиг биш гэх дүгнэлтэд хүрсэн. Ургамал нь шатсан ч түүнд агуулагдах карбон нь хөрсөнд үржил шим болох талтай гэж үзсэн юм. Хятад улсад ургацаа хураачхаад газар тариалангийн талбайгаа шатаачихдаг юм байна. Энэ нь бордоо болж, карбон нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар нэг сонирхолтой үр дүн гарсан. Тухайлбал, Дорнод аймаг дахь судалгааны талбайд түймрийн нөлөөгөөр хөрсний өнгөн хэсэг шатсан нь тодорхой харагдаж байгаа юм л даа. Хөрсийг ухаад үзэхэд ургамлын үндэс гэмтээгүй байсан. Ургамлын үндэс гэмтээгүй бол бороо орсны дараа л дахин сэргэх боломжтой. Дараагийнх нь, хөрсний өнгөн хэсгээс 10-15 см-ийн гүнд шаталтын нөлөөгөөр үүссэн хар өнгийн толбо байв. Үүнээс Дорнодын талд энэ цаг хугацаанд бус, 5-7 мянган жилийн өмнө нь түймэр байнга гардаг байжээ гэж үзэж болох юм. Цаашдаа энэ нь хэдэн жилийн өмнөх үзэгдлээс үүссэнийг тодруулах судалгаа хийхээр бэлтгэж байна.
А.Тэмүүлэн