Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын “Бяцхан хамгаалагчид” интерактив контентыг ашиглан, бага насны суралцагчдын хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх, интеграц хичээл төлөвлөн хэрэгжүүлэх “Интерактив багш-2024” аяныг зохион байгуулжээ. Нэг сар орчмын хугацаанд үргэлжилсэн уг аянд есөн дүүргийн 164 сургуулийн бага ангийн багш нар оролцсон байна. Уг контентыг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, багшийн заах арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Уралдааны хоёрдугаар шатанд 36 багш бүтээлээ ирүүлжээ. Тэднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш Б.Уранбилэг, 18 дугаар сургуулийн Э.Наран, Баянголын 13 дугаар сургуулийн М.Содномдолгор, 38 дугаар сургуулийн багш Ц.Баярцэц, Баянзүрхийн 155 дугаар сургуулийн Т.Өлзийжаргал нар шилдгээр шалгарч, зөөврийн компьютероор шагнуулсан байна. Сонирхуулахад, “Бяцхан хамгаалагчид” зургаан цуврал анимэйшнийг монгол, казах, тува, англи болон дохионы хэлний орчуулгатайгаар үзэх боломжтой гэнэ.
Ч.Туяа