Энэ хүний хажуугаар автомашинтай зөрсөн тохиолдол цөөнгүй. Автобусны цонхоор хараад өнгөрсөн нь ч хэдэнтээ. Тэр болгонд өрөөсөн хөлөөрөө тэргэнцрээ “жолоодон” жийх түүний царайд гуниг үгүйг ч ажиглаад амжсан.
Хэд хоногийн өмнө түүнтэй дахиад л таарлаа. Ярилцахыг хүссэн ч замын хөдөлгөөнөөс болоод чадсангүй. Тэрбээр авто зам дагуух хогийн савнуудаас ундаа, усны сав цуглуулж, “машиныхаа” ард бэхэлсэн шуудайнд хийгээд, цааш жирийлгэлээ. Зарим жолооч түүнийг шүргэн алдаад өнгөрөх. Хүнлэг, тэвчээрэй нэг нь харин зам тавьж өгнө.
Ийм хүнтэй эчнээ танил болоод хагас жил гаруй болохдоо ажигласан өөр нэг зүйл бий. Тэрбээр архи уудаггүй, бусдыг хоргоож, “өддөггүй”. Гэхдээ энэ бол өнгөц, өрөөсгөл дүгнэлт. Тиймээс өөртэй нь уулзаж, ярилцаж байж л зөв бодсон, үгүйгээ мэднэ шүү дээ.
Ингээд бид уулзлаа. “Ажлынх” нь цагаас хумсалж, ярилцлаа. “Намайг Батнасангийн Өнөрбат гэдэг. 1986 онд Дарханд төрсөн” хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр яриа муутай, бүрэг талдаа аж. Редакцад маань ирээд “Албан газарт орох хүн байна даа, үүнийгээ (шуудайтай зүйл) үүдэнд үлдээчихье, муухай харагдана” гэснээс нь үзэхэд бусдыг хүндэлж мэддэг нэгэн юм. Шатаар өгсөж, уруудахдаа “машинаа” тун сурамгай жолоодох Б.Өнөрбат бидэнтэй илэн далангүй ярилцсаныг хүргэж байна.
-Та өглөө болгон Зайсангийн эцсээс хотын төв рүү авто замаар уруудаж байгаа харагддаг. Осолдох эрсдэлтэй шүү дээ. Явган хүний замаар явбал аюул багатай биш үү?
-Явган хүний замаар явах хэцүү. Авто зам дээр осолтой, хэцүү ч гэсэн амар байдаг. Зам зууртаа хогийн савнаас ус, ундааны сав авахад ч төвөг багатай. Би тэгж яваад бүр сурчихсан юм.
-Танайх тэр хавьд байдаг юм уу. “Ажилдаа” хэдэн цагт гардаг вэ?
-Би Үйлдвэр комбинатад орон сууцны хонгилын өрөө түрээсэлж, амьдардаг. Гэрээсээ долоон цагт гараад, өдөр хоёр, гурван цагийн үед харьдаг. Ядрахгүй бол заримдаа үдээс хойш “ажилдаа” гарна.
-Өдөрт цуглуулсан зүйлээ тушаагаад хэдэн төгрөгтэй болдог вэ. Сард байрны түрээсэнд хэдэн төгрөг төлдөг бол?
-Өдөрт цуглуулсан сав, шил зэргээ тушаагаад 2000, заримдаа 3000 төгрөгтэй болдог. Үүнээс гадна заримдаа хүмүүс “Хоол авч идээрэй” гээд мөнгө өгнө. Би сард 175 мянган төгрөгийн тэтгэмжтэй. Саяхан нэмэгдээд 175 мянга бол сон. Түүнээсээ байрны түрээсэнд сар бүр 100 мянга төгрөг төлдөг. Үлдсэнээр нь хоол, гар утасны болон зурагт, саван, угаалгын нунтаг зэрэг бусад хэрэглээгээ болгодог.
-Өөрийн төлөө бус бусдын өмнөөс амьдарч байгаа мэт “Би ядуу, эрхэлсэн ажилгүй, орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй, хэцүү байна. Надад мөнгө өгөх ёстой. Төр, засаг харж үзэхгүй байна” гэхчлэн гомдоллодог, бэлэнчлэх дуртай хүн сүүлийн үед олширчээ. Уг нь амьдралынхаа төлөө өөрөө л зүтгэх ёстой. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Ёстой мэдэхгүй юм даа. Би энэ талаар ерөөсөө боддоггүй шүү дээ. Харин машинтай хүмүүс ганц минут хүлээгээд явган хүмүүсийг, бас нэгнийгээ гаргачихвал зүгээр санагддаг. Тэгэхгүй бол өөрөө хохироод, машин нь эвдрээд дуусна шүү дээ. Зарим жолооч бараг дайрах шахдаг.
-Та яагаад өрөөсөн хөлнөөсөө салсан юм бэ?
-Осолд орчихсон юм. Би энэ талаар ерөөсөө ярьдаггүй. Хүмүүс ч асуудаггүй.
-Хэдэн настайдаа яагаад осолдчихов. Энэ тухай ярихгүй байх шалтгаантай юм уу?
-2003 онд “Бөмбөгөр”-ийн баруун талын авто зам дээр машинд дайруулчихсан. Зам хөндлөн гарч явснаа санадаг. Яаж осолдсоноо харин мэдэхгүй. Нэг сэрэхэд л Гэмтлийн эмнэлэгт байсан. Үүнээс болж зүүн хөлийнхөө дунд чөмгөөр тайруулсан. Баруун хөлийн доод хэсэг ч гэсэн их гэмтсэн. Яс, ярьс л байгаа.
Тэрбээр өмднийхөө шуумгийг сөхөж харууллаа. Шилбэ, шагай хэсгийн зөөлөн эд, мах, булчин нь хатингаршжээ. Өөрийнх нь хэлснээр, ёстой л ясан дээр наалдсан арьс шиг харагдав. Жаахан л хөшихөд хугарчихмаар, нарийхан шилбээрээ тэрбээр өдөржин тэргэнцэр жийж явдаг учраас их өвддөг гэсэн.
Эл ослын улмаас хагас жил орчим эмнэлэгт хэвтэхдээ тэрбээр 16 настай байжээ. Түүнээс хойш 16 жилийн турш тэргэнцрээр тулгуур хийж явна. Хэний буруугаас осол болсон, ямар машинд дайруулснаа ч мэдэхгүй гээд хүүхэд шиг инээх тэрбээр өдгөө 32 настай. Насаараа эрхтэн дутуу амьдрах болсноо юман чинээ “тоохгүй” “Ийм л байх ёстой юм байлгүй. Хэндээ гомдох вэ дээ” гээд бас л инээсэн энэ залууг яалтай вэ. Ийм ноомой, “тэнэг” хүн үү, эсвэл амьдралд нухлуулаад номхорч, “гөлийчихсөн” юм уу.
Ярилцах зууртаа энэ асуултынхаа хариултыг би олсон. Б.Өнөрбат тавилантайгаа эвлэрсэн аж. Үгүй ээ, эвлэрсэн гэхээсээ илүүтэй үүнээс өөр байж болох талаар бодохыг хүсдэггүй мэт санагдлаа.
-Та аль сургууль төгссөн, ямар мэргэжилтэй вэ?
-Би ямар ч сургуульд сураагүй, бичиг үсэг тайлагдаагүй.
-Дүргүйдээ сураагүй юм уу, эсвэл хэн нэгний буруугаас сургууль завсардчихсан уу?
-Уг нь Дархандаа сургуульд орох байсан юм. Ээжтэйгээ хамт очиж, бүртгүүлэхэд “Маргааш аавтайгаа ирээрэй” гэсэн. Даан ч аав үүрээр “Ажилтай” гэж яваад, ирээгүй.
-Дараагийн өдөр нь очиж болоогүй юм уу?
-Тэгэхэд л ээж, аав хоёр хэрэлдээд салсан байх.
-Салснаас нь хойш хэнтэй нь амьдарч байв?
-Би нэг хэсэгтээ аав, ээжийнхээ аль алиныг нь олж чадаагүй. Хаана байсныг нь мэдэхгүй.
-Тэд салахдаа үр хүүхдүүдээ ч хаяад явчихсан хэрэг үү. Танайх хэдэн хүүхэдтэй айл юм бэ?
-Үгүй ээ, би өөрөө гэртээ байгаагүй таарсан юм. Би айлын хоёр дахь нь, зургаан дүүтэй.
-Гэртээ байгаагүй гэлээ. Хаашаа яваад ирэхэд аав, ээж нь салчихсан байсан юм бол?
-Би дэмий тэнээд явчихдаг байсан юм.
-Уучлаарай, 1990-ээд онд “тэнэмэл” гэсэн “хаягтай” хүүхэд нийгмийн нэг асуудал байлаа. Та тэдний нэг байсан юм уу?
-Тийм. Галт тэргээр Улаанбаатар, Дарханы хооронд явдаг байсан. Нэг, хоёр жилдээ гэртээ ганц оччихоод, буцаад л явчихдаг хүүхэд байлаа.
-Тэр үед хамтдаа тэнэдэг байсан хүүхдүүдтэй одоо таардаг уу?
-Ер нь олонх нь буруу замаар явчихсан. “Нөгөө” газарт орсон нь ч олон. Би ер нь багаасаа л ганцаараа байх дуртай болохоор тэнэмэл хүүхдүүдтэй нэг их нийлдэггүй. Ийш тийш хамт явъя л гэдэг байсан. Зайсанд байсан Хаяг тогтоох газарт мөн ч олон удаа хүргэгдсэн дээ. Олон ч удаа оргосон.
-Та байр түрээсэлж байхаар ээждээ дэм болоод хамт амьдрах боломжгүй юм уу. Уг нь хэн хэндээ нэмэртэй санагдах юм.
-Алийн болгон хүний хажууд байх юм бэ. Өөрийгөө аваад явсан нь дээр. Тэгээд ч би багаасаа ганцаараа, өөрийн дураар байх дуртай. Тэгж яваад сурчихсан. Ээж ч гэсэн ажил хийгээд өөрийгөө болгодог. Энэ хавьд ажилладаг гэсэн. Би хааяа л утсаар ярьдаг. Ах, дүү нартайгаа уулзалгүй таван жил болчихож. Тэглээ гээд санаа зовдоггүй шүү дээ.
-Өнөөдөр манай нийгэмд юу нь болж байна. Юуг нь засаж залруулмаар байна вэ?
-Мэдэхгүй, би иймэрхүү юм сонирхдоггүй. Хүмүүс хэрэлдэж, жагсаж, цуглаж байна л гэдэг. Нэгнийгээ унагах л санаатай юм биш үү. Саяхан жагссан хүмүүст хорооноос мөнгө тараасан гэж яриад л байна лээ.
-Та жагсаалд оролцоод, мөнгө авч байв уу?
-Өө, би тийм юманд сонирхолгүй. Сонгууль энэ тэр ч яамай. Өдөрт хоолныхоо мөнгийг л олж байвал боллоо.
-Сонгуульд саналаа өгөх нь иргэний үүрэг. Бид ирээдүйнхээ төлөө сонгуульд оролцож байгаа энэ тэр гээд ярьдаг шүү дээ.
-Сонгууль, 76 энэ тэр гээд л хэрүүлд дуртай биш. Орой бүр зурагтаар тийм хэрүүл гараад байдаг, би сонирхдоггүй.
-Тэгвэл юунд сонирхолтой, дуртай юм бэ?
-Ганцаараа харсан зүгтээ, тааваараа явах. Хааяа зурагтаар кино үзэх зүгээр.
-Ямар дуу, хөгжим сонсох дуртай бол?
-Бөмбөрийн хүчтэй цохилттой, гоё аялгуутай бол ямар ч хамаагүй хөгжим сонсдог.
-Сургуульд суръя, бичиг үсэгтэй болъё гэж боддог уу?
-Олон хүнтэй, битүү газарт суух дургүй. Ер нь би тогтвортой сууж чаддаггүй. Уур хүрээд байдаг юм. Багаасаа л тийм байсан.
-Нас ахихаар одоогийнх шигээ “салхи татуулаад”, харсан зүгтээ яваад байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр уншиж, бичиж, сураад, нийгэмших хэрэгтэй юм биш үү. Сонин гарчиглаад байвал мэдээллээс хоцрохгүй, ганцаардахгүй. Үүнээс гадна гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх хэрэгтэй. Санаа нийлдэг эмэгтэй найз байна уу?
-Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Миний мэддэг, таньдаг эмэгтэйчүүдийн олонх нь архи ууж, тамхи татдаг. Тийм хүнтэй таарчихвал бүр баларна биз дээ. Авчирсан хэдэн төгрөгийг минь архинд зориулчихвал би яах билээ. Тийм биш, сайн хүн олъё гээд ч нэмэргүй. Тэд намайг тоохгүй. Ер нь би ганцаараа л байх дуртай. Гэртээ хоол ундтай, ганцаараа байхаар л аз жаргалтай байдаг шүү дээ, би.
-Та өөрийн хүслээр л амьдарч байгаа юм байна. Тиймээс л аз жаргалыг мэдэрч байгаа болов уу. Ер нь амьдралд гомдож, “Миний тавилан яагаад ийм юм бэ” гэж гутарч байсан уу?
-Би таны хэлснээр, үнэхээр өөрийн хүссэнээр л амьдарч байгаа учраас аз жаргалтай. Бусдаас илүү яагаад зовж, ингэж амьдарч байна вэ гэж хэзээ ч бодож, гомдож байгаагүй. Осолд орсныхоо дараа ч сэтгэлээр унаагүй. Надад харамсах юм байдаггүй. Хувь тавилан ийм л бол түүгээрээ л явж байгаа.
-Хүн бүрт хүсэл, мөрөөдөл бий. Мөрөөдөл янз бүр. Жишээ нь, хүүхэд мөхөөлдөс идэхийг мөрөөдөж магадгүй. Эсвэл тоглоомтой болох нь том мөрөөдөл байж мэднэ. Таны хувьд ямар мөрөөдөлтэй вэ?
-Хүсэж мөрөөддөг юм байхгүй ээ. Хүн хаашаа явахаа ч мэдэхгүй шүү дээ. Зам хаашаа байна тийшээ л явна.
-Би таныг буруутгана. Бүр зэмлэмээр байна. Амьдралд тэмүүлэлгүй, мөрөөдөлгүй яаж явах юм бэ. Идэвхтэй амьдрах хэрэгтэй мэт санагдах юм.
-Хүмүүс мөрөөдөөд байдгийг би гайхдаг. Тэгж мөрөөдлөө гээд юу болох юм бэ. Би бол харсан зүг рүүгээ, тайван, тааваараа л явдаг. Хэдий болтол ингэж явахаа ч мэдэхгүй.
Сэтгэл яагаад ч юм бэ хөнгөрөх шиг. Бас хүндрэх шиг. Өөрийн дураар эрх чөлөөтэй тэнэж яваа энэ амьдралдаа сэтгэл ханаж, гэртээ ганцаараа байхыг аз жаргал хэмээсэн идэр эрийн дотор “хов хоосон” гэж бодохоор гунигтай. Гэхдээ мэдээж, хоосон гэдэг харьцангуй ойлголт учраас сэтгэлд нь юм юм л байгаа. Тэр дунд хязгааргүй эрх чөлөө бий. Ингэж бодохоор түүнд атаархмаар ч юм шиг.
Ямартай ч, бужигнасан их амьдралын дунд амар амгалан, омголон зэлүүд нэгэн эгэл “бөөм” ийнхүү тэргэнцрээ жийгээд, тэнүүчлэн, аз жаргалтай явна.
Хоёр жил гаруй унасан “машиных” нь дугуй элэгдээд, гадаргуу нь энд тэндээ юу ч үгүй халцарчихжээ. “Надтай байнга шахам тааралддаг нэг ах найзтайгаа хамтраад энэ тэргэнцрийг авч өгсөн юм. Дугуй нь хийлдэггүй, шахмал резинтэй болохоор их сайн. Уг нь нэг шинэвтэр дугуй байгаа л даа. Гамнаад байгаа юм” гэж ярих энэ залуугийн зургийг хэн нэгэн цахим хуудсандаа тавьснаар түүнийг олон хүн мэддэг болсон гэнэ. Энэ талаар тэрбээр “Намайг хүмүүс мэддэг юм билээ. “С1” телевизийнхэн надаас ярилцлага авч, зураг авна гэсэн” хэмээгээд мөн л хүүхэд шиг инээв. Өөрт ногдсон тавилангаа хүлээн зөвшөөрч, элдэв зүйлд шаналж, шунахгүй “тэнэг” байх нь үнэхээр аз жаргал байхыг үгүйсгэхгүй.