Өнгөрсөн даваа гарагт Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж ихээхэн хохирол, эвдрэл амссан билээ. Францын төдийгүй дэлхийн соёлын үнэт өв болсон эл барилгын сэргээн босгоход тусламж, хандив үзүүлэхэд дэлхий дахин бэлэн байна. Хандивын нийт хэмжээ одоогийн байдлаар тэрбум евро давсан тухай Францын “Le Parisien” сонины мэдээлэлжээ. Тус сонинд бичсэнээр бол хандивын санхүүжилт ихэвчлэн Францын том компани, бизнес эрхлэгчдээс орж ирж байгаа аж. Хамгийн түрүүнд алдарт Gucci брэндийг эзэмшигч Kering групп 100 сая евро хандивлахаа амласан бол дараагаар нь Louis Vuitton, Sephora, L’Oreal, Total, Aplle зэрэг дэлхийн том брэндүүд амлалтаа өгчээ. Санхүүжилт Францын Соёлын яамны сонгосон дөрвөн том төрийн сангаар дамжиж байгаа юм байна. Үүнээс гадна гадаадын бусад орнууд мөн олон улсын ЮНЕСКО байгууллага, Ватикан тусалж дэмжихээ амласан байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр сүмийг таван жилийн дотор сэргээн босгохоо мэдэгджээ.