Увсын Малчин сумд 27 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ
Баруун аймгуудын нутгаар уржигдраас эхлэн цас оржээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр зарим газарт өчигдөр ч цас үргэлжлэн орсон гэнэ. Одоогоор Завхан аймгийн ихэнх, Баян-Өлгийн баруун, Увсын зүүн хэсгийн сумдад цасан бүрхүүл тогтсон аж. Үүнээс Увсын Малчин сумд 27 см-ийн зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Түүнчлэн өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, ялангуяа Хөвсгөл аймагт цас орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулжээ. Мөн зарим газарт бороо, цас холилдон орох гэнэ. Түүнчлэн маргаашаас баруун төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж, шуурах төлөв гарсан байна.
2023-09-26
Хууль бус ан агнуурыг таслан зогсоов
Хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ан амьтан агнасан 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
2023-09-26
Тархины сааг эмчлэх ризотоми мэс заслыг нутагшуулна
Ризотоми нь хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үед нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах мэс заслын эмчилгээ юм байна. Эл эмчилгээг манайд нутагшуулахын тулд Токиогийн Хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн мэдрэлийн мэс заслаар мэргэшсэн профессорын баг ирж, манай улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй 50 хүүхдэд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийжээ. Мөн яаралтай эмчлэх шаардлагатай зургаан хүүхдэд ризотоми мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Мэс засал амжилттай болж, хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Цаашид манай эмч, мэргэжилтнүүд уг эмчилгээг бие даан хийх гэнэ.
2023-09-26
Дорнодод ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна
Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна.
2023-09-26
Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана
Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10- 1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Лох Сиен Чид холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.
2023-09-26
Шахмал түлш тээвэрлэх компанийнхнаас авлига нэхсэн даргыг шүүхэд шилжүүлэх нь
Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна.
2023-09-26
Хахууль авсан 84 дүгээр сургуулийн захирал асныг шалгаж дуусав
Бүтэн жил шахам хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Лхагвадулам нь цахилгаан барааны худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмтмарт” ХХК-ийн захирал С.Батгэрэлээс 84 дүгээр сургуулийн захирлын албан өрөөндөө 16.8 сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон гэнэ. Тус компани нь эл ерөнхий боловсролын сургуультай 107.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйдэг самбар, ухаалаг дэлгэц нийлүүлэх гэрээ байгуулж ашиг олохын тулд хахууль өгсөн аж.
2023-09-26