Манай улсад өнгөрсөн онд 57 756 хүүхэд мэндэлжээ. Энэ бол сүүлийн 17 жилийнхээ доод түвшинд хүрсэн үзүүлэлт. Амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо 2023 оныхоос тус бүр 10 хувиар буурч. Төрөлтийн “шугам” ийнхүү жил дараалан уруудаж, 2007 оны түвшинд хүрсэн нь улс орны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, иргэдийн аж амьдралын талаар олныг “өгүүлнэ”. Өөрөөр хэлбэл, дээрх буурсан тоо нь яриад, хараад өнгөрөх зүйл төдий бус, харин төр бодлогоо хэрхэн боловсруулахыг, хаана анхаарал халамж хэрэгтэйг сануулсан “хөтөч” юм. Учир нь төрөлтийг дэмжих арга хэмжээ авахгүй бол цаашид ч уруудсаар, тэр хэрээр нийгэмд олон асуудал тулгарахыг мэргэжлийн хүмүүс сануулсаар байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эх, хүүхдийг гэрийн халаад, шаахайтай нь эмнэлэг хооронд тээвэрлэсэн нь байж боломгүй, хүнлэг бус үйлдэл хэмээн Засгийн газраа огцруулан попорч байсан билээ. Дарга нар ийм маягаар наанаа эх, хүүхдийг хайрладаг дүр эсгэж, олон нийтэд таалагдахыг хичээдэг. Гэвч цаанаа бол эх, хүүхдийг, ер нь л хүнээ огт хайхардаггүйг нотлох жишээ нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалздаг болсон нь юм.
Шийдэлгүй популизм
2017 оны наймдугаар сарын 18. Сангийн дэд сайд Х.Булгантуяа амаржаад удаагүй ч ажлаа идэвхийлэн хийж буйгаа зарлан, Төрийн ордны гадаах цэцэрлэгт хүүхдээ хөхүүлсэн зургаа цахим орчинд нийтэлж, олныг “уяраав”. Тухайн үед тэрбээр “Хүү бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны хойд талын цэцэрлэг, яам, Тамгын газар гээд хаа тааралдсан газартаа мээм идсээр ямар ч байсан бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулганы үеэр хүүхдээ хөхүүлж байсан. Харин манай Төрийн ордонд хүүхэд оруулж болдоггүй юм байна лээ. Ер нь зургаан сар хүртэл хүүхдээ хөхүүлэхийг уриалж байгаа бол ийм орчин нөхцөлийг хаа сайгүй бүрдүүлэх ёстой” гэж бичиж байлаа.
Түүнээс хойш Х.Булгантуяа парламентын гишүүнээр хоёронтоо сонгогдож, хоёр ч салбарын сайдаар ажиллаад байна. Бас УИХ-ын дэд дарга ч болж амжлаа. Тэрбээр найман жилийн хугацаанд төрийн өндөр албан тушаалуудад өртөөлөн суусан атлаа анх ярьсан асуудал буюу эхчүүдэд тулгардаг бэрхшээлийг шийдүүлсэнгүй. Парламентын ордон хүүхдэд ээлгүй талаар мэдээлсэн нь түүний хувьд олонд танигдах, улс төрийн шатаар өгсөх замаа засах популизм төдий байсан нь одоо нэгэнт тодорхой болов. Учир нь Төрийн ордонд юу ч өөрчлөгдөөгүй, хүүхдүүдэд “хориг тавьсан” хэвээрээ гэдгийг 2024 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн болсон Х.Баасанжаргал илчилсэн юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Хүүхэд ажил дээр авч ирэхийг хориглодог төрийн байгууллага хэр олон байдаг вэ. Хүүхдийн эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил гэж энэ. Арай ч дээ” гэж цахим орчинд бичиж байсныг олон нийт санаж буй биз ээ.
Утаа, түгжрэл, стресс
Хүрээлэн буй орчны индексээр Монгол 180 орноос 172-т эрэмбэлэгдэж, бараг л сүүл мушгисан талаарх мэдээлэл саяхан цахим орчинд тархав. Эл үзүүлэлтийн цаадах бодит үнэнтэй бид өдөр тутмын амьдралдаа хэдийн нүүр тулаад эхэлсэн билээ. Жишээ нь, Улаанбаатарт оршин суудаг эмэгтэйчүүд “Хэзээ жирэмсэлбэл эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой вэ” гэж асуух болсныг амаржих газрын нэгэн эмч хэлэв. Бас өвөл хөл хүнд болсон тохиолдолд утаанаас ургаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө хүсэх нь ч нэмэгдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд өвлийн улиралд утаанаас холдож, хотын зах, эсвэл хөдөө байх нь аюулгүйг зөвлөдгөө тухайн эмч ярив. Харамсалтай нь, нийслэлд амьдарч буй эмэгтэй хүн бүр жирэмсэн үедээ ажлаа орхиод хөдөө явах боломжгүй учраас арга буюу хүүхэд төрүүлэхээс татгалзаж байна. Утаанаас гадна түгжрэл, нийгмийн стресс, орлогын тэгш бус байдал ч тэднийг ийм шийдвэр гаргахад нь түлхэц болдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй орчин нөхцөл төрөлтийг бууруулах томоохон хүчин зүйл юм.
Шинэ хүнээ хүлээж авах эмнэлэг, сургууль, цэцэрлэг ч манайд хүрэлцээгүй. Хүний эрх хөсөр хаягдсан, тэгш бус нийгэм ч монгол хүүхдүүдийг угтаж байгааг хэн ч анхаарахгүй байна. “Төсөв хуваарилж байгаа хүмүүс улсын эмнэлэгт 10 нялх, 10 сахиуртай 20-иулаа 20 ам метр талбайд долоо хоноод үз. Үнэр танар, уйлаан орилоон, зандрах харилцаанд нэг хоног ч тэсэхгүй гэдгийг итгэлтэй хэлье. Ахиж л зүглэхгүй юм шүү гэж бодно. Шинэ гээд байгаа Яармагийн 300 ортой эмнэлэгт дөнгөж төрсөн долоон ээж, долоон нярай нэг өрөөнд ордог гэнэ. Нярай хэдэн минут тутамд сэрэх вэ. Дэлхийд ийм улс орон ховор үлдсэн шүү” гэж тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Булганчимэг Х сүлжээнд бичсэн байв. Цаашлаад сургуульд элсэхэд орлоготой, орлогогүйгээсээ хамаараад улсын, хувийн гэсэн ялгаварлан гадуурхалтын хаалга мөргөнө.
Одонгоос өөр дэмжлэггүй эмэгтэйчүүд амаржихдаа хүртэл авлига өгдөг
Эрх баригчид янз бүрийн гоё төлөвлөгөө, мега төсөл хэрэгжүүлэх талаар ярьж, бүр хот байгуулна хэмээн цээжээ дэлдэж, улс орны эдийн засаг өдрөөс өдөрт сайжраад буй мэтээр суртал ухуулга хийдэг. Гэвч бодит амьдрал дарга нарын ярианаас тэс өөр гэдгийг дээр дурдсан ганцхан эмнэлгийн жишээ илэрхийлнэ. Уг нь эрх баригчид, дарга нарын нэн тэргүүнд хэрэгжүүлэх “мега төсөл” нь шинэ иргэдээ хүлээн авах сайхан нийгмийг бүтээх юм. Харамсалтай нь, тэд хүүхдийн эрх ашгийг хамгийн сүүлд эрэмбэлдэг.
Тухайлбал, төр засгаас ээжүүдэд үзүүлдэг хамгийн “том” дэмжлэг нь “Эхийн алдар” гэх одон. Дөрвөн хүүхэд төрүүлбэл II, зургаан хүүхэдтэй бол I зэргийн одон олгодог. II зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 100, I зэрэгтэйд нь 200 мянган төгрөг өгдөг байв. Уг мөнгөн дүнг энэ оноос 200-400 мянган төгрөгт хүргэж нэмэхээр болсон талаараа дарга нар мэдээлж, дурсагдах гавьяа байгуулсан мэтээр ярьсаар буй нь ичгэвтэр. Ийм хэмжээний мөнгө олон хүүхэдтэй гэр бүлийн жилийн байтугай сарын хэрэгцээнд ч хүрэлцэхгүй. Ээжүүдэд одон зүүж өгөөд, жилд ганцхан удаа бага хэмжээний мөнгө өгснөө дэмжлэг үзүүлчихлээ гэж эндүүрдэг эрх баригчидтай улсад хэн хүүхэд төрүүлэхийг хүсэх билээ.
Нөгөөтээгүүр, монгол эмэгтэйчүүд амаржихдаа хүртэл эмч, эх баригч, сувилагч нарт мөнгө өгдөг, эсвэл танил нэгэндээ ханддаг бичигдээгүй хууль үйлчилсээр буй. Хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийн тулд аргагүй эрхэд мөнгө өгдөг, эс тэгвээс эмч, сувилагч нар нь ер хайхралгүй орхидог талаарх яриа 20 жилийн өмнө ч байсан. Одоо ч өөрчлөгдсөнгүй. Бүр жилд нэг удаа авдаг одонгийнх нь мөнгө ч эмч, сувилагч нарыг “халамжлах”-д хүрэлцдэггүй юм билээ. Амаржих эмэгтэй багадаа 500 мянган төгрөгтэй байхгүй л бол эмнэлгийнхэн үл хайхарч, улмаар хүндрэлтэй төрж ч мэдэх гэнэ.
Хүүхэд төрүүлээд л ядуусын эгнээнд шилждэг
Дээр дурдсанаар арайхийн хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүд ядуусын эгнээнд шууд шилжинэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус бүр нэг удаа авдаг. Үүнийг жирэмсний амралт авахаас өмнөх үеийн цалингийн дунджаар тооцон олгодог. Энэхүү хоёр төрлийн тэтгэмжийн мөнгөөр амаржих үед шаардлагатай зүйлсээ бэлтгээд л дуусна. Тэгээд хүүхдээ гурван нас хүртэл нь “Цалинтай ээж” гэх 50 000 төгрөгийг сар бүр авдаг. Бас хүүхдийн мөнгө гэж 100 000 төгрөгийг сар бүр төрөөс олгож байна. Ингээд тооцохоор сард 150 000 төгрөгийн орлоготой гэсэн үг. Ийм мөнгөөр сарын хугацаанд яаж амьдрах вэ.
АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг “Төрөлт буурсан нь зөвхөн анагаах ухааны бус, нийгмийн томоохон асуудал юм. Амьдрах орчин нөхцөл, цалин, орлого сайн улс оронд л төрөлт нэмэгддэг. Товчхондоо, амьдрал ахуй нь сайн, хангалттай хэмжээний орлоготой байж л хүүхэд төрүүлнэ шүү дээ. Гэтэл манайд одоо ямар байгаа билээ. Оюутнууд сургуулиа хурдхан төгсчхөөд гадаадад ажиллаж, амьдрахыг хүсэж байна. Тиймээс цаашид хүн амаа өсгөе гэвэл манай улс залуучуудаа дэмжиж, тэдний цалин, орлогыг нь нэмэгдүүлэх ёстой. Эс тэгвэл төрөлт улам л буурна” хэмээж байлаа.
2040 оноос ажиллах хүчгүй болох нь
Төрөлтийн нийлбэр коэффицент нь нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн тоог илэрхийлдэг үзүүлэлт. 1991 онд буюу ардчилсан тогтолцоонд шилжсэний дараахан манай улсад нэг эхийн төрүүлэх хүүхдийн тоо дунджаар дөрөв байсан аж. Эл үзүүлэлт 2014 оны эцэст гурав болж цөөрчээ. Харин өнгөрсөн оны төгсгөлд нэг монгол эмэгтэйн төрүүлсэн хүүхдийн тоо дунджаар хоёр болж буурчээ. Уг тоо хоёроос уруудвал нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшин хангагдахгүй гэж судлаачид үздэг аж. Тодруулбал, хүн амын өсөлт саарч, тэр хэрээр нийгэм, эдийн засгийн олон асуудал дагуулдаг юм байна. Энэ нь зөвхөн нэг гэр бүлд хамааралтай асуудал биш гэсэн үг.
Төрөлт буурсны нөлөөгөөр цэцэрлэг, сургуульд суралцагчдын тоо 2030 оноос эрс цөөрнө. Эерэг талаас нь харвал, манай улсад өдгөө тулгараад буй сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага зэрэг сайжирна гэсэн үг. Гэвч 2040 оноос эхлээд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх магадлалтайг эдийн засагч Б.Энхбаяр сануулжээ. Улс орны хөгжил хүнээс, ялангуяа хөдөлмөр эрхлэгчдээс шалтгаалдаг гэдэг. Манай улс одоо ч ажиллах хүчний гүн хомсдолд өртчихөөд буй бөгөөд хойшид илүү хүндрэх эрсдэлтэй гэсэн үг. Яг ийм үед төрөлт буурсны учрыг нарийвчлан судалж, улмаар эх, хүүхдийг дэмжсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой аж. Гэвч эрх баригчид мега төслүүд дундаа төөрчхөөд, эх, хүүхдэд, хүндээ анхаарах сөхөөгүй л явна.
Хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаа шалтгааныг ийм маягаар олныг тоочиж болно. Эцэст нь хэлэхэд, хүнээ хайрладаггүй нийгэмд хүүхэд төрүүлэх хэцүү гэсэн дүгнэлт гарч буй юм.
М.Оч