Эрх чөлөөний эвсэл намынхан “Засгийн газар огцор” жагсаалаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлүүлж байна. Тэдний гол зорилго Засгийн газрыг огцруулан, УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах юм. Тус намынхан уг жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлээд буй. Гэвч одоогоор шийдвэр гаргах түвшний хүмүүс ямар нэгэн тайлбар өгөөгүй аж. Иймд тэд маргааш болтол хариу өгөхгүй хэвээр байвал тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Эрх чөлөөний эвсэл намын гишүүн Э.Одбаяр “Энэхүү жагсаалыг хийх талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-нд зарласнаас хойш Засгийн газраас нэлээд хэдэн удаа бидний эсрэг арга хэмжээ авлаа. Тэд эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг нухчин дарж байна. Иймд бид ажил хаялт зарлан, үзэл бодлоо илэрхийлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа юм. Эрх чөлөөний эвсэл намын гишүүд энэ сарын 22 хүртэл тайвнаар жагсана. Энэ хугацаанд Засгийн газраас дорвитой хариулт өгөхгүй бол бид өлсгөлөн зарлахаар бэлтгэж буй.
Өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэсэн Үндэсний эвслийнхэн ч Засгийн газрын “бөөр”-нд хэдийн наадсан юм байна. Тэд элдэв түр хороо ахлан, зарим төсөлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Бүгд найрамдах намынхан жагсаалын туршид бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдан, элдэв гүтгэлэг тарааж, үг хэлээр доромжилсон. Ер нь Монголд төрийн эрх мэдлийн хуваарилалт гэх зүйл байгүй болжээ. Засгийн газар нь УИХ-аа бүхэлд нь хянаж байна шүү дээ. Ийм нөхцөлд бид чөлөөт эдийн засаг гэх мэт сайхан амлалтын талаар бодоод ч хэрэггүй биз” гэсэн юм.
Тус намын дарга Б.Цацрал “УИХ-ын тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.11-т УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай. Тиймээс Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Гэтэл одоо болтол ямар ч хариу алга. Үүнээс бид төр засгийн эрх мэдлийг бүхэлд нь өөртөө төвлөрүүлэхээр юу болдгийг бодитоор нь харж байна. Тиймээс энэ данхар төсөвтэй Засгийн газрын эсрэг иргэд сөрж зогсох ёстой. Өдрөөс өдөрт доройтож буй амьдралаа хүлцэн тэвчихийн оронд сөрж, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүддээ шаардлага тавьж чаддаггүй, УИХ нь Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг нь дарангуйлал тогтоож байгаагийн шинж” гэсэн юм.
У.Сүрэн