Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан хамтран өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ. Хоёр жилийн хугацаанд хийсэн судалгаа, бэлтгэл ажлын үр дүнд дээрх кластерыг байгуулаад буйг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл тодотгов. Гол зорилго нь ингэний сүүний ач холбогдол, ялангуяа эрүүл мэндэд тустай чанарыг нь олон нийтэд таниулах, бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэдэг иргэдийг дэмжих аж. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг 10 орчим эрдэмтэн, мөн хувийн хэвшлийнхнээс “Сүү”, “Тэсо”, “Ингэн тагш”, “Солид партнерс” компани нэгдээд байна.
Кластерын үйл ажиллагаа одоогоор эхлэлийн шатанд яваа бөгөөд энэ онд ингэний сүүн бүтээгдэхүүний олон улсын стандарт боловсруулахад голлон анхаарахаар төлөвлөсөн байна. Үүний дараа бүтээгдэхүүн бэлтгэх, зах зээлд нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажиллах нь. Мөн ингэний сүүний ач тусыг олон улсад таниулахад анхаарах гэнэ. Ингэний сүү нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой, ялангуяа чихрийн шижин, астма, харшлын өвчнийг анагаахад тустай аж. Мөн аутизмтай хүүхдийн эмчилгээнд ч тустайг олон улсын судлаачид тогтоожээ.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд нийт 44 сая тэмээ байгаагаас 43 нь нэг, нэг сая гаруй нь хоёр бөхтэй аж. Хоёр бөхтэй тэмээний тал хувь буюу 480 мянга гаруй нь манай улсад байдаг гэнэ.
М.Оч