Монголын хөл бөмбөгийн холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлсэн хугацааны дагуу Тэмцээн зохион байгуулах журмын тавдугаар заалтын хүрээнд тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхыг ирэх сарын 1-28-нд нээнэ. Тамирчид цонх нээх хугацаанд өөрийн клубийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний зохицуулалтад хамрагдах боломжтой. Дээрх журамд тусгаснаар улиралд хоёр цонх нээх юм. Дараагийнх нь долоодугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Тоглогчдын статус шилжилт хөдөлгөөний журмын дагуу тамирчдыг клубээс клубийн хооронд шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлнэ. Өөрийн клубтээ нэгтгэж буй тамирчдыг Монголын хөл бөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтэст мэдэгдэж баталгаажуулна. Мөн шилжилт хөдөлгөөн хийсэн тоглогчдын бүртгэлийг тэмцээний мэдүүлэгт орсон, эсэхээс хамаарч, “FIFA connect” системд заавал бүртгүүлэх шаардлагатай. Клуб хоорондын шилжилт хөдөлгөөн болон бусад чөлөөт агентын статусаас багт шилжиж буй тоглогчид өөрийн мэдээллийг Тэмцээн зохион байгуулах хэлтэст өгнө.